“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг орон нутагт хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмай нийгэмлэг БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр Зүүн Азийн Олон улсын улаан хавирган сар нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн нээлт боллоо.
Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, осол, аюулт үзэгдэл улам бүр нэмэгдсээр байна. Монгол орны хувьд сүүлийн 10 жилд /2015-2024/ тохиолдсон гамшигт үзэгдэл өмнөх 10 жилийнхээс 26 хувь, эдийн засагт учруулах хор хохирол 47 хувиар нэмэгджээ. 2023-2024 оны зудын гамшгийн улмаас 8.1 сая мал хорогдож, нийгэм эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учран 186 мянган малчин өрх зудын гамшигт өртсөн байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнээс үүдэлтэй аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах, тэсвэртэй амьжиргааг хөгжүүлэх, үүнд илүү өртөмтгий, эмзэг бүлгийн иргэдийн дасан зохицох, даван туулах чадварыг сайжруулах зорилготой тус төслийг Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймагт хэрэгжүүлэх бөгөөд нийт 20 мянга орчим хүн, үүнээс 5000 хүнд шууд дэмжлэг үзүүлэх юм.
Төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчид зорилтот аймаг, сумдад эрт сэрэмжлүүлэх, эрт арга хэмжээ авах систем байгуулах, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, байгууллагын хүчин чадлыг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж.