АНУ-Хятадын худалдааны хэлэлцээ мухардалд оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 30 /Fox News/. Худалдааны татварын асуудлаар хийж буй АНУ, Хятадын төлөөлөгчдийн хэлэлцээ мухардалд орсон бөгөөд уг нөхцөл байдлаас гарахын тулд Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятад улсын дарга Ши Жиньпин нар утсаар ярих шаардлагатай байгаа тухай АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
"Бид ирэх хэдэн долоо хоногийн хугацаанд Хятадын талтай дахин яриа хэлэлцээ хийнэ гэж бодож байна. Мөн Ерөнхийлөгч Трамп, Хятад улсын дарга Ши Жиньпин нар утсаар ярьж магадгүй" гэж С.Бессент хэллээ.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ тавдугаар сарын 11-нд Женев хотод дууссан юм. Хэлэлцээний дараа талууд “нэлээд ахиц дэвшил гарсан” тухай, мөн худалдааны алдагдлыг бууруулах чиглэлээр тохиролцоонд хүрснээ мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын эхээр АНУ-ын тал Хятадын бүх бараанд ногдуулсан татварыг 145 хувьд хүргэж нэмэгдүүлсны хариуд Хятадын тал Америкийн бараа бүтээгдэхүүний татварыг 125 хувь болгож өсгөсөн юм.