ОРХОН: Аймгийн ИТХ-ын хуралдаан энэ сарын 12-нд хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-06-05 15:43:10

Баян-Өндөр, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа.


Хуралдаанд Зөвлөлийн гишүүн Д.Мөнхбат, Б.Мөнхдалай, С.Юмэнхүү, А.Бумансор, Э.Ариун-Эрдэнэ, Ц.Оргилболд нар танхимаар, Ч.Болор-Эрдэнэ цахимаар оролцож, аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцэж долоон асуудлыг хуралдаанд оруулахаар боллоо. 


Зөвлөлийн хуралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг танилцууллаа. Тухайн газрын байршил нь хаягдлын аж ахуйн хажууд бөгөөд Хаягдлын аж ахуйн даланг бэхжүүлэх ажилд түүхий эдийн зориулалтаар ашиглах зорилгоор хайгуулын ажлыг хийхээр хүсэлтээ ирүүлсэн юм. Орхон аймгийн Байгаль орчны газраас тухайн хэсэгт “Ногоон Эрдэнэт” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон зурвас үүсгэж, мод тарьсан учраас боломжгүй гэдгийг илэрхийлсэн бөгөөд тухайн асуудлыг хуралдаанд оролцуулахаас түр хугацаагаар хойшлуулж байр сууриа нэгтгэх, асуудлаа шийдвэрлэхийг үүрэг болголоо.  


Хуралдаанаар мөн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” УТҮГ-ыг татан буулгаж, аймгийн ЗДТГ-ын дэргэд Теле камерын хяналтын дэд төв болгон шилжүүлэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” тогтоолд нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий "Теле камерын хяналтын дэд төв"-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас дээрх төвийг байгуулах талаарх зөвлөмж болон “Теле камерын хяналтын дэд төв”-ийн бүтэц, орон тоо, дүрмийн нийтлэг жишгийг ирүүлжээ. Тиймээс Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааны чиглэлд томоохон өөрчлөлт орохгүй, нэр болон өмчлөлийн хувьд өөрчлөлт оруулахаар ийнхүү хэлэлцэж байгаа юм. 

 

Мөн өнөөдрийн Зөвлөлийн хуралдаанаар ирэх жил болох Эрдэнэт хотын 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд авах зарим арга хэмжээний тухай, аймгийн баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах; Эрдэнэт хот, Орхон аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах; аймгийн хэмжээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх төслийн жагсаалт батлах; Орон нутгийн өмчийн 2024 оны дүн батлах; аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах асуудлыг тус тус хуралдаанаар хэлэлцэхээр бэлтгэл хангасан гэж үзлээ. Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан энэ сарын 12-нд хуралдах юм.





юм.




Связанные новости