ӨМНӨГОВЬ: Дэвшилтэт технологийн дулаан болон цахилгааны эх үүсвэрийн төслийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-16 13:56:06

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Бичура энержи ХХК-тай хамтран ажиллахаар зургаадугаар сарын 13-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.


Тодруулбал, хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймагт нар, салхины эх үүсвэрээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг элс болон ижил төстэй материалд дулаан хэлбэрээр хуримтлуулан хадгалж, эргээд төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээг дулаан, хэрэглээний халуун ус, технологийн уураар хангадаг "Сэргээгдэх дулаан цахилгаан хосолсон эх үүсвэр" бий болгон ашиглах ажлыг хийх юм.


Тус "Бичура энержи" ХХК нь Финланд улсын элсэн дулаан хуримтлуур "Полар Найт Энержи", ХБНГУ-ын хэт өндрийн салхин систем хөгжүүлэгч "Скай Сэйлс Повер" зэрэг дэвшилтэт технологи хөгжүүлэгч байгууллагуудын Монгол дахь албан ёсны түнш юм.


Төслийн ажлыг хэрэгжүүлэхэд Өмнөговь аймгийн цаг агаарын нөхцөл байдалд хамгийн тохиромжтой байгааг төсөл хэрэгжүүлэгч талууд онцолж байна.


Тус хуримтлуурын дундаж температур 600°C байх ба хэрэгцээнээс хамааран 60-130°C-ийн халуун ус, 140-300°C-ийн халаасан агаар, 400°C-ийн техникийн уур үйлдвэрлэж, хэрэглэгчдийг жилийн турш найдвартай эх үүсвэрээр хангах боломжтой хэмээн танилцуулжээ. 

Связанные новости