Атомуудын дотор байгалийн тав дахь хүч байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-19 10:18:42

МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 19 /new-science.ru/. Атомын цөмийн гүнд байгалийн тав дахь хүч нуугдаж буйг нотолж магадгүй ул мөрийг Герман, Швейцар, Австралийн эрдэмтэд илрүүлсэн байна.


Хэрвээ энэ нээлт батлагдах аваас физикийн Стандарт загвар улам өргөжиж, Орчлон ертөнцийн хамгийн нууцлаг үзэгдлүүдийг тайлбарлах боломж нээгдэх юм.  


Өнөөдрийн байдлаар цахилгаан соронзон хүч, таталцлын хүч, цөмийн хүчтэй ба сул үйлчлэлүүд гэсэн байгалийн дөрвөн үндсэн хүч бидэнд мэдэгдэж байгаа билээ. Харин эрдэмтдийн таамаглаж байгаагаар, өчүүхэн баг хүрээнд үйлчилдэг өөр хүчнүүд байх магадлалтай ажээ.


Хамгийн сүүлд хийсэн судалгааны явцад дээрх гурван улсын физикчид атомын цөм дэх нейтронууд ба тэдгээрийг тойрон эргэлдэж буй электронуудын хоорондох харилцан үйлчлэлд нөлөөлдөг тав дахь хүчийг хайхад гол анхаарлаа хандуулсан байна. Тэдний таамаглаж байгаагаар, оршин байгаа эсэх нь одоогоор батлагдаагүй байгаа Юкавагийн бөөм нь энэхүү хүчийг зөөвөрлөгч байж магадгүй ажээ.  


Тав дахь хүчийг илрүүлэхийн тулд физикчид кальцийн атомууд дахь электронуудын байр байдал, хөдөлгөөнийг судалсан байна. Электронууд нь нэмэлт энерги авснаар энергийн илүү өндөр түвшинд шилждэг бөгөөд үүний дараа буцаад анхны төлөвтөө эргэн ордог байна. Энэхүү шилжилт хийгдэх цаг хугацаа нь цөмийн бүтцээс хамаардаг тул Стандарт загварын тусламжтайгаар түүнийг урьдчилан таамаглах боломжтой юм.


Харин өөр өөр нейтроны тоотой кальцийн изотопуудыг судалсан физикчдийн тооцоололд ялимгүй хазайлт гарсан нь үл мэдэгдэх харилцан үйлчлэл байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ. Тодруулбал, 10-аас 10 сая хүртэл электронвольтын масстай зөөгч бөөм байж магадгүй гэсэн үг юм.  


Судалгааны өгөгдлүүдийг дахин нягтлах шаардлагатай байгаа хэдий ч энэ удаагийн туршилт нь тав дахь хүчийг хайх хүрээг хумиж, цаашдын туршилтын шинэ чиглэлийг тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Хэрвээ таамаглал батлагдваас Орчлон ертөнц дахь хар матери, анти матери зэрэг оньсого мэт үзэгдлүүдийн учир шалтгааныг тайлах үүд нээгдэнэ.


Физикчдийн ээлжит судалгааны талаарх мэдээллийг Physical Review Letters сэтгүүлд нийтэлжээ.

Связанные новости