“Оклахома-Сити Тандер” NBA-гийн аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ОКЛАХОМА, 2025 оны зургаадугаар сарын 23 /TASS/. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) аварга шалгаруулах тэмцээний финалын цувралын долоо дахь тоглолтод “Оклахома-Сити Тандер” баг “Индиана Пэйсерс" багийг хожлоо.
Оклахома хот дахь “Paycom Center” спортын ордонд болсон шийдвэрлэх тоглолтод окламхомачууд 103:91 (25:22, 22:26, 34:20, 22:23) онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан байна.
Финалын цувралын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор (MVP) “Оклахома-Сити Тандер” багийн канад хамгаалагч Шэй Гилжес-Александер тодорлоо. Тэрбээр шийдвэрлэх тоглолтод самбараас 5 удаа бөмбөг авч, 12 оновчтой дамжуулалт өгч, 29 оноо авсан байна. Шэй Гилжес-Александер улирлын болон финалын цувралын хамгийн үнэ цэнтэй тоглогч болсон түүхэн дэх ес дэх тоглогч болжээ.
“Индиана Пэйсерс” багаас канад довтлогч Бенедикт Матурин 24 оноо авч, самбараас 13 бөмбөг авч, 3 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Финалын цувралын харьцаа 4:3 (110:111, 123:107, 107:116, 111:104, 120:109, 91:108, 103:91) болсноор “Оклахома-Сити Тандер” багийн сагсан бөмбөгчид аваргаллаа.
Тус баг одоогийнхоо нэрээр анх удаа NBA-гийн аварга болжээ. Өмнө нь 1979 онд “Сиэтл Суперсоникс” нэрээр тоглож байх үедээ аваргын цом хүртэж байсан юм.
Харин “Индиана Пэйсерс” баг одоогийнхоо нэрээр аварга болж байгаагүй ажээ. Аваргын цомыг хамгийн олон буюу 18 удаа хүртсэн баг бол “Бостон Селтикс” бөгөөд тус баг хамгийн сүүлд 2023/2024 оны улиралд NBA-гийн аварга болсон юм.
“Оклахома-Сити Тандер” баг мөн сүүлийн 48 жилийн хугацаанд аваргын цом хүртсэн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг болсон байна. Тус багийн дундаж нас 25.56 бөгөөд энэ үзүүлэлтээр 1976/1977 оны улиралд аварга болсон “Портленд Трэйл Блэйзерс” багийн ард бичигдэж байна. Тухайн үед “Портленд”-ын тоглогчдын дундаж нас 25.03 байжээ.