СЭЛЭНГЭ: Өнөөдрийн 13.00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 16 түймэртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-22 17:08:39

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна.

 

Тэд түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хүн, хүч хэрэгслийг хуваарилан, бэлтгэл бэлэн байдлыг хангуулан цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

 

Өнөөдрийн 13.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 16 түймэртэй байна.

 

Эдгээрээс Ерөө сумын "Агуйт" гэдэг газар гарсан түймрийг цурамд оруулж, Хүдэр, Ерөө, Мандал суманд гарсан бусад түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 220 алба хаагч, 13 авто машин, мэргэжлийн ангийн 209 хүн, 17 автомашин буюу нийт 429 хүн, 30 авто машинтайгаар ажиллаж байгаа юм.

 

Мөн түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн, хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

Связанные новости