СЭЛЭНГЭ: “Өрх бүрээс нэг хүн сайн дураараа” түймрийн голомтод ажиллахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 21
/МОНЦАМЭ/. Цаг агаарын хэт их халалт, хуурайшилтаас болж ой
хээрийн түймэр гарсаар байна.
Иймээс Сэлэнгэ аймгийн Ерөө
сумын Бугант тосгоны Захирагчийн албанаас иргэддээ хандан үндсэн хуулиар
хүлээсэн үүргээ биелүүлж “Өрх бүрээс нэг хүн сайн дураараа” түймрийн голомтод
ажиллахыг уриаллаа.
Одоогийн байдлаар тус тосгоны Мягмарын
аманд гарсан түймэрт Бугант тосгоны төр, төсвийн байгууллага, ААН байгууллагаас
бүрдсэн 2-р ээлж шуурхай үүрэг гүйцэтгэхээр хөдөллөө.
Ээлжийн бүрэлдэхүүнд Ойн ангийн дарга Г.Энхбат ахлагчтай 14 иргэн, Зил-131 автомашин 1, Ланд 100 автомашин 1, тонны усны сав 1 ширхэг, үлээгч 3 ширхэг, ус шүршигч 8 ширхэг, троссон шүүр 8 ширхэг, хөрөө 1 ширхэгтэйгээр түймрийн голомтод ажиллана.
Бугант тосгоны Элитийн амд энэ
сарын 19-ний өдөр гарсан энэхүү ойн түймрийн голомтод С.Бүүвэйбаатар захиралтай
“Сосна” ХХК-ийн 5 ажилчин, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах
бригад, Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн нийт 44 ажилтан, алба хаагч хүч
нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм.