СЭЛЭНГЭ: Буур хэмээх газарт гурван мэргидийг бут цохисон түүхтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 9 гайхамшгийн нэг, аялагчдын
очих дуртай, түүхийн дурсгалт газрын нэг бол Буур хээрийн тал юм.
Энэхүү Буур хээрийн талд байх Оргидог булгийн дэргэд
Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор гэрэлт хөшөө босгож, "Эрсэн хүнээ олов-энд сууя" хэмээх Чингис хааны үгийг сийлсэн
байдаг.
Хамаг
Монголын Тэмүжин хаан Буур хэмээх газарт 1179 онд Мэргидэд булаалгасан Бөртэ Үжингээ
буцааж авахаар Тоорил хан, Жамуха нартай хүч хавсран Гурван мэргидийг бут цохисон
хэмээн дурдсан байдаг.
1206 онд Тэмүжин Их Монгол Улсыг байгуулаад Чулуун, Чинбай 2 хөвгүүний хамт өөрт нь их тус хүргэсэн Сорхон Шард эл Мэргидийн газар нутаг буюу Сэлэнгэ нутгийг өмч болгон өгчээ.
Тус аймгийг түүхэнд “Гурван мэргид” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Гурван мэргид хэмээхийн учир нь Удуйд мэргид, Увас мэргид, Хаад мэргид хэмээх гурван овгоос бүтсэн Монгол аймгийн нэгэн холбоо байсан бөгөөд Увас мэргидийн тэргүүн нь Дайр-Усун, Удуйд мэргидийн тэргүүн Тогта бэхи, Хаад мэргидийн тэргүүн нь Хаатай Дармала ажгуу.