Монгол Улс, БНХАУ хоорондын улсын хилийг гурав дахь удаагаа шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-13 16:56:54

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ хоорондын улсын хилийг гурав дахь удаагаа хамтран шалгахаар боллоо. 


Энэхүү шалгалтыг Улаанбаатараас эхэлж, цаашид хилийн дагуу газар дээр нь хамтарсан багууд ажиллах юм. Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 1982-1984 онд Монгол, Хятадын улсын хилийг анх удаа, 2002-2005 онд 2 дахь удаа шалгахад геодезийн сүлжээ байгуулах, агаарын зураглалын аргаар байр зүйн зураг зохиох, улсын хилийн тэмдэг /багана/-ийн солбицол, өндрийг тодорхойлох ажлыг гүйцэтгэсэн байна.


Монгол, Хятадын улсын хилийг хамтран шалгах бэлтгэл ажлын ээлжит уулзалт энэ сарын 5-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын улсын хилийг гурав дахь удаа хамтран шалгах Монгол, Хятадын бэлтгэл ажлын хамтарсан комисс”-ыг байгуулж, 2026 оны эхний улиралд багтаан анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар тохиролцлоо.


Мөн Монгол Улс, ОХУ хоорондын улсын хилийг хоёр дахь удаа шалгах ажил 2023 онд эхэлж геодезийн сүлжээ байгуулах, байр зүйн зураг зохиох, улсын хилийн тэмдэг /багана/-ийн солбицол, өндрийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.


Монгол, Хятадын улсын хилийг 1962-1964 онд тогтоож 1975 онд НҮБ-д бүртгүүлж байжээ. 

Связанные новости