Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-27 12:44:36

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хотын зүүн, баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр нэгдүгээр тойрог зам, Туулын хурдны замтай холбох хоёрдугаар тойрог зам төслийн эдийн засгийн шинжилгээ, төсвийг хийж байна.

Удахгүй, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ. 


НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж, Тахилт, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ.


Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөжээНийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 600 гаруй иргэдийн зорчилт хөдөлгөөний судалгааг хийхэд, төсөл хэрэгжүүлснээр хотын төвийн урсгалын ачааллыг багасгаж, хурдыг нэмэх тооцоо гарчээ. Тухайлбал, хотын зүүн бүсийн түгжрэл 20-25, зорчилтын хугацаа 30 хувиар багасах төдийгүй Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн авто замын ачаалал хоногт 5000 машинаар багасах аж.


Хоёрдугаар тойрог зам нь хотын төвд чиглэсэн хөдөлгөөнийг гадагш шилжүүлснээр тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын дүүрэгт оршин суугаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Связанные новости