Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил 88 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын ажил 88 хувьтай үргэлжилж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, эхний ээлжийн 2.4 км авто замын асфальтбетон хучилтын ажлыг хийж, 6 дугаар сард зорчих хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдрийн байдлаар тус 2.4 км авто замын ажлын явц 93 хувьтай байна. Үүнд, тохижилтын ажил 65 хувь, далан ухмалын ажил 100 хувь, зорчих хэсгийн ус зайлуулах лотки суурилуулалт 90 хувь, хашлага суулгах 96 хувь, замын тэмдэглэгээ 100 хувьтай байна. Харин үлдсэн 1.5 км авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-нд нээнэ. Тус авто зам нь Ард Аюушийн өргөн чөлөөнөөс баруун тийш Содон хорооллын уулзвар хүртэл үндсэн замаас Саппорогийн уулзвар уруудах байдлаар үргэлжлэх аж. Авто замын нийт ажлын явц 80 хувьтай байна. Авто замын асфальтбетон хучилт дуусах шатандаа явж байна. Үүнд, талбайн цэвэрлэгээний ажил 74 хувь, ухмалын ажил 90 хувь, далангийн ажил 100 хувь, тулц хана 100 хувь, нэмэлт тулц хана 100 хувь, суурийн ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна.
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто зам зургаан эгнээ зорчих хэсэг, дөрвөн нүхэн гарц, нэг гүүрэн гарцтай Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбож, тухайн хэсгээр зорчих авто замын ачааллыг бууруулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх аж.

Ulaanbaatar