Морингийн даваанаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх авто замыг ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрладаг Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам барих ажил 89 хувьтай өнөөдрийн байдлаар үргэлжилж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, тус авто замын барилгын ажлыг энэ оны 5 дугаар сард эхлүүлж, гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” компани ажиллаж байна. Тус зам нь хоёр эгнээтэй, долоон метр өргөнтэй, хоёр талаараа явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байна. Авто замын хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн дуусаж, гэрэлтүүлэг болон явган хүний замын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах аж.
Уг авто зам нь “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү чиглэж, хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттай суурийг цементээр бэхжүүлснээрээ онцлогтой. Зам ашиглалтад орсноор Морингийн давааны болон Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн чиглэлд зорчих ачааны автомашин шороон замаар бус хатуу хучилттай замаар хөдөлгөөнд оролцох боломжтой. Үүний үр дүнд тоосжилт, орчны бохирдол мэдэгдэхүйц буурах ач холбогдолтой юм.

Ulaanbaatar