Роналдиньо дахин тоглох эсэхээ шийдээгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-11-10 14:06:26

САН-ПАУЛО. /Xinhua/. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос олгодог “Оны шилдэг хөлбөмбөгчин"-ий шагналыг хоёр удаа хүртэж байсан Роналдиньо зодог тайлах гэж байна гэсэн яриа тархсаар байгаа билээ. Харин тэрбээр цаашид тоглох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.

Өдгөө 36 настай тэрбээр Бразилын Флуминенсе клубтэй байгуулсан гэрээгээ өнгөрсөн оны есдүгээр сард цуцалснаас хойш талбайд гарахгүй байгаа билээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрбээр Перу, Эквадор, Гватемал, АНУ, Хятад болон Энэтхэгт очиж, заалны хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтуудад оролцсон байна.

“Олон жилийн хугацаанд маш амжилттай тоглож байгаад түр завсарласны дараа спортдоо эргэн ирэхийн тулд ямар нэгэн шалтгаан, зорилго олоход үнэхээр хэцүү юм. Миний хөл өнөөг хүртэл сайн байгаад бурханд талархаж байна. Би тоглож байх үедээ төдийлөн олон удаа гэмтэл авч байгаагүй. Би цаашдаа дуу хөгжмөөр хичээллэж, өөр зүйл хийхийг хүсч байна. Ирэх онд хөлбөмбөгөө орхих уу эсвэл дахиад хэдэн сар тоглох эсэхээ харж байж шийдье” гэж тэрбээр ярилаа.

Роналдиньо бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг бөгөөд түүний тамирчны замналын оргил үе нь 2003-2008 онд "Барселона" клубт өнгөрсөн юм.

Тэрбээр Бразилын нэрийн өмнөөс 102 удаа тоглож, 2002 онд Япон болон Өмнөд Солонгост болсон ДАШТ-нд түрүүлсэн Луис Фелипе Сколаригийн  багийн гол тоглогч байсан билээ.

Д.Нямтулга

 

Связанные новости