Засгийн газрын агентлаг, газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-20 15:03:58

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газрын агентлагуудын нийт орон тоог 300-аар багасгаад байна.


Үүнээс газар, хэлтэс, албаны даргын орон тоог 54-өөр цөөлж, цалин хөлсний зардлыг жилд 10 орчим тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой болжээ.


Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар агентлагуудын удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, газар, хэлтсийн тооны харьцаа, нэршил, бүтцийн нэгжид ногдож буй орон тооны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр агентлагийн зохион байгуулалтын бүтэц нэгжийн тоо, нэршлийг тогтоож, Засгийн газрын тогтоолыг баталсан юм.  


Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. 

Связанные новости