Тайландын Ерөнхий сайд асан Т.Чинаватыг цагаатгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАНГКОК, 2025 оны наймдугаар сарын 22 /Xinhua/. Тайландын эрүүгийн шүүх Ерөнхий сайд асан Таксин Чинаватыг цагаатгах шийдвэрийг өнөөдөр гаргажээ. Түүнийг арван жилийн өмнө гадаадын хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хааны нэр төрд халдсан хэрэгт буруутгаж байсан юм.
Тайландын хэвлэлүүдэд мэдээлснээр, Т.Чинаватын
буруутай үйлдлийг нотлох баримт хангалтгүй хэмээн шүүх үзжээ. Шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулсны дараа Т.Чинават шүүхийн
байрны гадна сэтгүүлчдэд хэлэхдээ, хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн байна.
Ерөнхий прокурорын газар өнгөрсөн онд Т.Чинаватыг Өмнөд Солонгосын хэвлэлд 2015 онд ярилцлага өгөх үеэрээ хаант засаглалыг гутаан доромжилсон гэх үндэслэлээр лесе-мажест хуулийг зөрчсөн хэмээн буруутгажээ. Лесе-мажест хууль буюу Эрүүгийн хуулийн 112-т хаан, хатан, өв залгамжлагч зэрэг хааны гэр бүлийнхнийг гүтгэн доромжилсон, аюул заналхийлсэн хүнийг 3-15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.
Түүний холбогдсон өөр хэргийн тухайд гэвэл, Т.Чинават 2024 онд тэнсэн суллагдахаас өмнө эмнэлэгт хэвтэх хугацааг сунгасан нь хорих
ялыг бүрэн эдлээгүй гэж үзэх эсэхтэй
холбоотой шийдвэрийг Дээд шүүх ирэх есдүгээр сард гаргахаар төлөвлөж байна.
Т.Чинават хилийн
чанадад олон жилийн турш амьдарсны эцэст хоёр жилийн өмнө Тайландад эргэн ирсэн
юм. Өдгөө 76 настай тэрбээр Зүүн Өмнөд Азийн тус улсын Ерөнхий сайдын албыг
2001-2006 онд хашиж байсан бөгөөд 2008 оноос хойш гадаадад амьдарч байв.