СЭЛЭНГЭ: Алтанбулаг хилийн боомтыг олон улсын жишгээр өргөтгөж шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил бүрэн дуусжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-09-03 14:22:40

Сүхбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хэрэгжсэн Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил бүрэн дуусжээ.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Алтанбулаг хилийн боомтыг олон улсын жишгээр өргөтгөж шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2020 онд Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулан уг өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн юм.

 

Бүтээн байгуулалтын ажил ковидын цар тахлын улмаас таван жил үргэлжилж, өнөөдөр ийнхүү Монгол Улсын Засгийн газар албан ёсоор хүлээн авч, нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй Засгийн газрын гишүүд, Азийн хөгжлийн банкны албаны төлөөллүүд мөн яам тамгын газар болон аймгийн удирдлагууд оролцлоо.

 

Өргөтгөл, шинэчлэлийн ажил нь тусгаарлах зурвас бүхий 1.7 км урттай 4 эгнээ авто зам, авто зогсоол барьж байгуулах ажил байсан. Харин дараагийн бүтээн байгуулалтын хэсэг нь Боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл, инженерийн шугам сүлжээг барьж байгуулах буюу 3.9 га газарт ачаа тээврийн 18 барилга байгууламж, 3.37 га газарт зорчигч тээврийн 19 барилга байгууламж, дэд бүтцийн 5 барилга байгууламж, 6900 м.кв талбайд гадна тохижилт, гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд бохир усны шугам 1379 м, цэвэр усны шугам 1085.8 м, дулааны шугам 1684 м, мөн гадна цахилгаан 6277 м /0,4кв/, 750м /6кв/ кабель шугам, 66 кВт чадалтай нарны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийжээ.

 

Барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийг “Монкон констракшн” ХХК, авто замын бүтээн байгуулалтыг “Эйч Кэ Би Интернэйшнл Холдинг” ХХК тус тус гүйцэтгэсэн байна.


Ингэж хилийн үйл ажиллагааг шинэчилж өргөтгөснөөр зорчигч болон ачаа тээврийн урсгал өдөрт 2-4 дахин нэмэгдэж, тохилог орчинд түргэн шуурхай үйлчилгээг зорчигчдод үзүүлэх боломж бүрэн бүрдэж байгаа юм.  


Тус боомтоор өмнө нь жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан байна. Харин одоо боомтыг өргөтгөснөөр 1.500.000-2.000.000 зорчигч, 600.000-800.000 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болжээ.  

  

Связанные новости