СЭЛЭНГЭ: Тариаланчдад бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаагаа хэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны есдүгээр сарын 3
/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын тариаланчидтай хийсэн
уулзалтын үеэр тариаланчдын төлөөллөөс энэ зун газар тариалангийн дийлэнх бүс
нутагт бороо багатай, гандуу байсан учраас ургац алдах нь тодорхой болоод
байна. Иймээс урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, ургац хадгалах,
борлуулахад бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаагаа хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд
Г.Занданшатар өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтын шинэчлэлтийн
нээлтийн үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа тус аймгийн Ерөө суманд ажиллаж,
тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан юм.
Тэрбээр тариаланчдад хандаж
хэлэхдээ, Энэ онд ХАА-н салбарт 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон.
Цаашид хөнгөлөлттэй зээлийг ашиглалт сайтай хэсэг рүү шилжүүлэх зохицуулалт
хийнэ гэлээ. Мөн салбарын яамнаас тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-гаар
нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Иймээс газар тариалангийн талбайн хэмжээг
нэмэгдүүлэх хүсэлтээ аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанд
танилцуулж шийдвэрлүүлэхийг тариаланчдад зөвлөв.
Мөн тариалангийн бүс нутагт 10 дугаар сарын 25-ныг хүртэл тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд
мал бэлчээхгүй байх, оторлох болон өвөлжөөндөө буухгүй байх гэсэн хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй журмыг чанд сахиулахыг сумдын засаг дарга нарт онцгойлон
анхаарууллаа.