ОРХОН: Ургац хураалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Орхон аймаг 38.3 мянган га бэлчээрийн талбайтай. Үүнээс 1400 га хадлангийн талбайгаас байгалийн хадлангаа бэлтгэдэг. Орхон аймгийн нийт нутгаар 5 дугаар сард 13 удаа, 6 дугаар сард 19 удаа, 7 дугаар сард 17 удаа бороо орж, ОЖД-аас 21.7 мм-ээр ахиу хур тунадас оржээ.
ХХААГ УЦУОШТ-тэй хамтран 2025 оны 8 дугаар сарын 14-17-ны хооронд Баян-Өндөр, Жаргалант сумын бэлчээрийн талбайн 9 цэгээс 36 дээж авч ургамлын ургацыг тодорхойлсон байна. Бэлчээрт 105 төрөл зүйлийн өвслөг ургамал зонхилж, ургамлан бүрхэвч сийрэг, ургамлын өндөр 6-11 см, бэлчээрийн га-гийн дундаж ургац нь 4.4 цн/га байна. Өмнөх оныхоос бэлчээрийн га-гийн ургац 53 хувиар бага байна.
Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 277.0 сая төгрөгөөр 190 тн өвс, 112.5 тн тэжээлийг тус тус бэлтгэж байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд өвс 60 тн, тэжээл 42.5 тн-105 сая төгрөг, Баян-Өндөр суманд өвс 80 тн-100 сая төгрөг, Жаргалант суманд өвс 50 тн, тэжээл 30 тн-72 сая төгрөг, малчид 17500 тн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөө гарсан.
2025 оны 8 дугаар сарын 25-наас эхлэн малчин, мал бүхий иргэд Жаргалант сумын Хөндлөн, Мухар далай, Мэргэн, Жаргалант, Эмээл хүзүүвч, Хонгор морьт, Шувуут, Царам зэрэг газруудаас байгалийн хадлан бэлтгэж эхэллээ.
Мөн Аймгийн Онцгой комиссын хурлаар 123.4 сая төгрөгөөр 60 тн өвс, 70 тн үйлдвэрийн тэжээл худалдан авахаар шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Газар тариалангийн салбарт 2025 онд аймгийн хэмжээнд нийт 5156 га талбайд тариалалт хийхээр төлөвлөн, 13 аж ахуйн нэгж, 272 өрх тариалалт эрхэлсэн байна. Энэ сарын 2-ноос аймгийн хэмжээнд ургац хураалт эхлээд байна.