ӨВӨРХАНГАЙ: Тэргүүлэх зэрэгтэй багш С.Оюунчимэг: Миний мэргэжил дэндүү гэгээлэг, бахархмаар
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлж, багш, сурагч бүр баяр хөөр, догдлолтой уулзсан өдрүүд үргэлжилж байна. Энэ мөчид түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Арвайхээр сумын улсын тэргүүний III цэцэрлэгийн эрхлэгч, Тэргүүлэх багш, Соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан С.Оюунчимэгтэй ярилцлаа.
- Та миний бага байхын л цэцэрлэгийн багш байсан. Их олон жил
тасралтгүй ажиллаж байна. Яагаад энэ мэргэжлийг сонгов?
- Би анх 1987 онд Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн сургуулийг хөгжмийн
багш-хүмүүжүүлэгч багш мэргэжлээр төгсөөд Арвайхээр хотын улсын тэргүүний 1
дүгээр цэцэрлэгт хөгжмийн багшаар хуваарилагдан ирснээс хойш 39 дэх жилдээ
боловсролын салбарт хөгжмийн багш, цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгчээр
ажиллаж байна.
Багшийн мэргэжил бол миний бага насны мөрөөдөл байлаа. Балчир наснаасаа аавыгаа дагаж малдаа явахдаа, дүү нартайгаа хөдөө хурга ишгээ хариулахдаа бэлчээрт “багш” болж тоглодог жаахан охин байсан. Хөдөө сумын 8 жилийн сургуулийн онц сурлагатан охин байхдаа ч ангийн бүх хүүхдүүддээ хичээл хийх аргыг нь зааж өгдөг байлаа. Ангийнхаа хоцрогдолтой яваа хүүхдүүдийг багш маань даалгаж өгөхөд урамшин сайн сурагч болгохыг их хичээл, зүтгэлттэй ханддаг байв.
Багшийнхаа эзгүйд ангидаа багш болж, эсвэл гэртээ найзуудаа аваачиж даалгавар хийлгэх
зэргээр гэрийн багш хийж, ёстой
л дүрдээ орсон “багш охин” байлаа. Нэг ёсондоо багын мөрөөдлөө биелүүлсэн гэх үү дээ.
Миний үеийн хүүхдүүд 8 жилийн сургуулиа төгсөөд сурлагаар байр эзлүүлэхэд техникум, ТМС, 10 дугаар ангидаа орох гэсэн сонголт хийж, цааш суралцдаг байлаа. Би сумынхаа сургуулийн 92 хүүхдээс нэгдүгээр байрт жагсан хуваарь авахаар ороход Архангайн багшийн сургууль, Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн сургуулиас өөр багш мэргэжлийн хуваарь байсангүй.
Тухайн үед математикийн багш байсан Д.Дашням багш маань намайг “10 жилийн сургуулийн хуваарь аваарай. Чи математикийн багш болох ёстой” гэж чихэнд минь хоногштол захидаг байсан ч миний мөрөөдөл багш болох учраас хурдхан шиг л тэр мэргэжлийг эзэмшихийн тулд нэрээ дуудмагц ороод шууд Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн сургуулийн хуваарийг сонгон авсан. Гарч ирэхдээ Дашням багшаасаа дөлөн явснаа одоо ч би мартдаггүй юм.
Цэцэрлэгийн багш хүн гэж хэн болох, яг ямар ажлыг хийдгийг ч мэдэхгүй охин “багш” гэсэн үгтэй л сургууль болохоор авсан хэрэг шүү дээ. Техникумд гурван жил суралцахдаа ангийнхаа Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт “Онц сурлагатан” оюутан байж, Монголын залуучуудын холбооны эвлэлийн үүрийн даргын ажлыг гардан хийж, “Улсын тэргүүний эвлэлийн үүр” болзлыг ханган өөрөө би Комсомолын дээд сургуульд элсэх урилга авсан боловч ар гэрийн шалтгаанаар сургуульдаа явж чадаагүй.
Оюутан байх тэр жилүүдэд азаар ч гэх үү дээ, манай сургуулийн захирлын шийдвэр гарч, хөгжмийн багшаар сонгон суралцах анги нээгээд манай төгсөлтөөс 10 хүүхэд шалгаруулж авсны нэг нь би болж таарсан, азтай шүү. Ингэж л би эргэлт буцалтгүй цэцэрлэгийн багш болсон доо.
- Цэцэрлэгийн
багш мэргэжлийн хамгийн сайхан
тал нь юу вэ?
- Миний мэргэжил дэндүү гэгээлэг, бахархмаар. Хүүхдийн бяцхан тархинд ирээдүйн ямар хүн байх суурийг тавьж, хүн болох ухааныг зааж, эрдэм номын эхний гарааг зүглүүлнэ гэдэг үнэхээр ховорхон тохиол шүү. Тэгэхээр цэцэрлэгийн багш бол бусад багшаас илүү сэтгэл судлалын ухааныг гаргуун эзэмшсэн, төрөл бүрийн авьяасыг цогцлоосон, хүнийг хайрлаж асарч чаддаг өгөөмөр сэтгэлтэй, эрдэм мэдлэгийг тархиндаа бат суулгасан хүмүүс байгаасай гэж хүсдэг. Өөрөө ч би бусдад ийм л үлгэр жишээ үзүүлэхийг хичээж явдаг юм даа.
Бидний шавь нар дэндүү цагаахан, гэгээлэг сэтгэлтэй, уурлаад туньсан ч эргээд удалгүй багшдаа эрхэлдэг, бодох санах муу зүйлгүй сайхан энергийн туйл болохоор цэцэрлэгийн багш нар маань ч гэсэн яг л хүүхэд шигээ болсон байдаг. Ийм л сайхан мэргэжил. Бяцхан хүүхдүүдийн хайрын ундарга болохоор би мэргэжилдээ хайртай.
- Хүүхдэд хайртай, зөөлөн сэтгэлтэй, хүүхдийн эв олох чадвартай хүн энэ ажлыг хийх болов уу гэж би хувьдаа боддог. Хүүхэдтэй ажиллахад ямар, ямар чадварууд шаардагддаг вэ?
- Ер нь тийм шүү. Багш хүнийг би хамгийн эхлээд хүний дотоод ертөнцтэй ажилладаг байгаасай гэж хүсдэг. Суралцах хугацаандаа сэтгэл судлалын ухааныг маш сайн судалдаг байгаасай. Хувь хүнийхээ хувьд өөрийн тань хэлснээр зөөлөн сэтгэлтэй, зөв харьцаатай, хүнийг таних мэдрэмжтэй, уучилж, энэрч, хайрлаж чаддаг байгаасай гэж боддог. Гэтэл хүн болгон адилгүй. Цэцэрлэгийн багш гэлтгүй, багш болгон хүнийг хайрлаж энэрэх сэтгэлтэй, зөв төлөвшилтэй байх хэрэгтэй. Ямар ч насны хүүхэдтэй ажиллахад харилцааны ур чадвар, өөрөө үлгэрлэн дагуулах ур чадвар, бүтээлч байх ур чадвар, сэтгэлгээний ур чадвар гээд багшаас олон олон зүйлийг шаардаж байдаг. Түүний гол нь харилцаа, хандлагын мэдрэмж юм.
- Хүүхэд бүр хөөрхөн. Гэхдээ амьдралын янз бүрийн нөхцөлд хүүхдүүд өөр, өөр хүмүүжил төлөвшилтэй өсдөг. Энэ ялгаа танд хэр анзаарагддаг вэ?
- Хүүхэд гэдэг чинь ертөнцийн гурван хөөрхөний нэг шүү дээ. Тэдний цагаахан инээмсэглэл, хир буртаггүй гэгээн харц л багш хүнийг өөрийн эрхгүй уяраадаг юм. Хүүхэд эцэг, эхийгээ сонгож төрдөггүй. Хүүхдийн хүмүүжлийн суурийг тавьж байдаг орчин бол яах аргагүй гэр бүлийн орчин. Аав ээжийн, гэр бүлийн гишүүдийн харьцаа, төлөвшил ямар байна, хүүхэд толь мэт харж байдаг болохоор тэднийг дуурайна.
Цэцэрлэгт 2-5 насандаа тасралтгүй хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын түвшинг эзэмшсэн хүүхэд, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдээс ялгаатай байдаг.
Учир нь тэд боловсролын нэг түвшинг завсардалгүйгээр эзэмшсэн болохоор тэр. Амьдрал баян хойно, амьдралын шаардлагаар, эцэг эхийн хайнга байдлаас болж бага насны хүүхдүүд СӨБ эзэмшилгүйгээр сургуульд орох явдал одоо ч гэсэн байсаар байна. Тэд гэрийн нөхцөлд томчуудын, насанд хүрэгчдийн бүдүүлэг үг хэллэгийг даган дуурайж, цээртэй үг хэлэх, буруу, болохгүй үйлдэл хийх зэрэг насандаа ахадсан зүйлийг өөрийн дадал болгон, түүнийгээ сайхан зүйл мэтээр төсөөлсөн бяцхан бөгөөд “том хүмүүс” болдог юм. Түүнийг засч залруулж, зөв төлөвшилтэй хүн болгоход их хугацаа шаардана. Тэгэхээр аав ээж, гэр бүлийн гишүүн бүр хүүхэддээ сайн сайхан, гэрэл гэгээтэй орчинд үлгэр жишээч байдлыг цаг ямагт харуулж, боловсролын шат шатны сургалтад тасалдуулалгүй хамруулдаг байгаасай гэж боддог.
- Таны
бодлоор хүүхдийг зөв иргэн болгож өсгөхөд юунд анхаарах ёстой вэ?
- Хүүхдийг эхийн хэвлийд олдох цагаас нь эхлээд зөв дадал хэвшилд сургах хэрэгтэй. Тэгэхлээр гэр бүлийн буюу насан туршийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол гарцаагүй суурь нь байх ёстой. Гэр бүлийн орчны халуун дулаан уур амьсгал, багшийн зөв чиглүүлэг, насанд хүрэгчдийн зөвөөр үлгэрлэх байдал, хүн хоорондын харилцааны зөв дадал тэдэнд маш чухал нөлөө үзүүлдэг.
- Та хүн бүрийг "Миний хүүхэд" гэж дууддаг. Цэцэрлэгийн багш
болохоор тэр үү, эсвэл таны зан харилцааны онцлог уу?
- Миний аав, ээж хоёр олондоо тусч, найрсаг зангаараа нутаг орондоо нэр хүндтэй хүмүүс байсан. Би төдийгүй, ах эгч дүү нар маань аав, ээжийнхээ занг өвлөж авсандаа бахархаж суудаг. Би хэнийг ч байсан “чи” гэж хэлж чаддаггүй, энэ бол миний өөрийн л харилцааны зарчим даа. Ямар ч хүнтэй найрсгаар харилцаж, инээмсэглэл бэлэглэж байх нь миний өөрт оногдсон хувь тавилан гэж боддог. Ядарсан, зүдэрсэн хүнийг өндийж бостол нь урмын үг хэлэх, өөрийн байгаа бүхнээрээ хэн нэгэнд туслах, аргаа олохгүй амьдралд бүдэрч яваа нэгэнд гарцыг нь гартал хэлж, зөвлөж байж амардаг тийм л нэгэн зантай хүн дээ би.
Уурлах гэдэг зүйлийг балчир залуу насанд минь надаас хэн ч олж хараагүй. Нутгийнхан маань намайг өхөөрдөөд “инээдэг охин” гэж дууддаг байсан. Аав, ээжээс дэрсхэн наймуулаа төрж, дээрээ хоёр ах, доороо хоёр эрэгтэй дүүгийн дунд өссөн болохоор ч тэрүү хэнийг ч байсан “миний хүүхэд” л гэж дууддаг зантай.
Ямар сайндаа өөрөөсөө ахмад багш, ажилчдыг “миний хүүхдээ” гэж дуудаад бөөн инээдэм болдог байсан ч тэд маань зан аашийг минь мэддэг болохоор төвөггүйхэн дасчихдаг юм.
Надад байгаа, миний хамгийн том хөрөнгө бол хүнийг хайрлах, урам өгөх ухаан гэж бодож, тэнгэрт байгаа аав, ээждээ талархаж явдаг юм. Миний ах, эгч, дүү нар бүгд л хүний хөл тасардаггүй, байгаа бүхнээ хуваалцсан сайхан гэр бүлүүд байдаг. Аав ээж минь тийм л хүмүүс байсан. Ээж минь бидэнд “Сайн явах санааных, сайхан явах заяаных” байдаг юм шүү гэж дандаа захидаг байсан даа.
- Таныг
3 дугаар цэцэрлэгийг хүнд нөхцөл байдлаас өөд нь татсан гэдэг. Ямар зарчмыг
баримтлан ажиллаж байв? Уг нь А.И
Филатовагийн үүсгэн байгуулсан цэцэрлэг юм билээ.
- 2011 онд Арвайхээр сумын улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэгийн арга зүйч хийж байхдаа энэ цэцэрлэгийн эрхлэгчээр ажил сайжруулах үүрэг авч томилогдсон. Байгууллагыг удирдана гэдэг их ухаан зардаг ажил юм даа. 1975 онд цэцэрлэг маань монголын хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, дайчин эмэгтэй А.И. Цэдэнбал-Филатовагийн санаачилгаар байгуулагдаж, аймагт маань байхгүй орос тавилгатай, шалны цахилгаан халаалттай, бүх зүйл нь автомат тоног төхөөрөмжөөр хангагдсан сайхан цэцэрлэг байсан гэдэг. Түүнээс хойш цаг цагийн урсгалаар, нийгмийн ороо бусгаа байдлын нөлөөгөөр тухайн үеийн шуурганд өртөж байсан түүх бий.
Ер нь удирдлагын буюу шийдвэр гаргах түвшний хүмүүсийн алдаатай бодлогоос болж, байгууллагын үйл ажиллагаа хүнд нөхцөлд ордгийн жишээг харсан. Гэхдээ сэтгэлтэй, зүтгэлтэй хамт олныхоо хүчээр, эцэг эхчүүдийнхээ идэвхтэй оролцооны дэмжлэгээр өөрийн бодож төлөвлөсөн зүйлээ зорилго болгож, богино хугацаанд хүүхдийн сурч хөгжих гадаад болон дотоод материаллаг орчныг сайжруулж, хамт олныхоо болон эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйн орчныг таатай болгож чадсан юм.
Миний баримталдаг зарчим бол өөрийн мэдэх чадах зүйлээ бусадтай хуваалцах, бусдад аргыг зааж өгөх, хүн бүрт урам өгөх, сайшаах зэргээр хамт олноо урамшуулан, өөрөө чиглүүлэн манлайлж ажиллах явдал. Ямар ч ажлаас, ямар ч үед хойшоо суух зан надад байдаггүй. Мөн өөрийн чадах бүхнээрээ бусдад хэзээ ямагт тусалж явдаг, хүнийг сайн муу гэж ялгахгүй, хүн бүртэй нэг л зангаараа харьцдаг учраас төлөвлөсөн ажил маань төвөггүйхэн бүтдэг гэж боддог.
Надад чин сэтгэлээсээ туслах хүмүүс олон байдагт талархаж явдаг. Байгууллагаа хөгжүүлэх бодлогоо зөв тодорхойлж, зөв чиглүүлэн хамт олноороо нэгдэж ажилласны хүчинд зургаан жилийн дотор сум, аймаг, улсын тэргүүний тодотголтой цэцэрлэг болсон.
Мөн багш, ажилчдаа ажлын байранд тасралтгүй хөгжих боломжоор хангаж, аймгийнхаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн мэргэжлийн ангиудад сурган мэргэшүүлж, чадавхжуулдаг. Энэ нь тэдний маань амьдралын баталгаа болдог учраас цаг ямагт талархаж байдаг. Одоогоор дөрвөн хүн мэргэжлийн боловсрол эзэмшээд ажлын байрандаа давуу тал болгон хөдөлмөрлөж байна.
- Одоо 50 жилийн түүхт ой тохиож байна. Гадна тохижилтоо их хөөрхөн болгожээ.
- Цэцэрлэгийн маань түүхт 50 жилийн ой болж байна.
Ямар ч ажлыг хийхийн тулд богино болон алсын
төлөвлөгөө гаргаж, зорьсондоо хүрэхийн төлөө
хичээдэг, ард нь гарч байж санаа амардаг зан маань цэцэрлэгийнхээ гадаад, дотоод орчныг сайжруулахад
нөлөөлсөн.
2022 оноос эхлэн 50 жилийн ойгоо угтаж хийх томоохон ажлуудаа төлөвлөж, жил бүр биелэлтээ дүгнэн явсаар өнөөдөр ойн босгон дээр бүх ажлууд маань биелэлээ олсныг эргэн харахад сайхан байна. Үүнд хамт олон, эцэг эхчүүдийн маань дэмжлэг, оролцоо маш их байсан.
Би багшлах хугацаандаа ЕБС-д дуу хөгжмийн багшаар ажиллаж, нэг удаа аравдугаар анги дааж төгсгөсөн азтай хүн. Тэдний маань нэг, хайртай шавь минь багшдаа маш их тус болсон. 2012 оноос эхлэн олон улсын байгууллагуудад төсөл бичин хүргүүлж, багш ажилчид, эцэг эхчүүдийнхээ хүчээр анги бүлгүүдийнхээ нэрэмжит ажлуудыг санаачлан хийж, хүүхдэд ээлтэй эко, аюулгүй орчин бүрдүүлсэн маань улсын хэмжээнд жишиг болж, туршлагаа түгээн дэлгэрүүлсээр байна.
Мөн аймаг, орон нутгийн удирдлагууд хийж бүтээх ажлыг маань дэмжин урамшуулж эрч хүч өгч байсан нь бидний амжилтанд таатай нөлөө үзүүлсэн юм. Манай цэцэрлэгийн орчинг хэн ч харсан бахархаж, баярламаар. Багачууд хүүхдүүд маань ч өдөр бүр, цаг тутамд баяр хөөртэй байдаг. Тэднийхээ хөөрч догдолсон царайг хараад хамт олон минь илүү их урамшиж ажилладаг юм. Энэ жил төлөвлөсөн ой угтаж хийх бүтээлч ажлуудаа одоогоор зуун хувь хийж гүйцэтгээд байна. Хамт олны минь л хүч хөдөлмөр дөө. Манай цэцэрлэгийн хаана ч орсон, та бүхнийг үлгэрийн мэт орчин угтах болно.
- Сүүлийн
үед цэцэрлэгийн багш нар хүүхэд зоддог гэх асуудал гардаг боллоо. Үүнд ямар
байр суурьтай ханддаг вэ?
- Энэ асуудал бол ажлын ачаалал, хувь хүний өөрийгөө ялан дийлэх ухаан дутмаг, мэргэжлээ буруу сонгосон гэх мэт олон шалтгаанаас болдог гэж боддог. Гэхдээ хүний нялх хүүхдийг айлгаж сүрдүүлье гэх бодол хэнд ч төрөхгүй. Одоо цагт өөрийнхөө хүүхэд рүү гар далайдаг хүн ховор болсон шүү. Бас аав ээж, гэр бүл, багшийн хоорондын харилцааны асуудал үүнд их нөлөөлнө.
Байгууллагын менежментийг сайжруулж, ажлын ачааллыг тэнцвэржүүлээд харилцааны соёлыг бий болгож чадсан цагт хүүхдийн хүчирхийлэл, харилцааны доголдол гарахгүй байх бүрэн боломж бий. Манай байгууллагын үнэт зүйл, соёл бол хүн нэг бүрийг чин сэтгэлээсээ хайрлах, хүндлэх, бусдыгаа сонсох, хэн нэгэндээ туслах явдал.
Байгууллага дотооддоо баримтлах чиг шугамаа зөв тодорхойлж, хүн бүр алдаагаа бусдаас биш өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийж харж, засаж залруулж явах ёстой. Бүгд нэг зорилготой, нэгнээ хүндэтгэсэн, хүүхдийн хөгжлийн төлөө чин сэтгэлээ зориулж, тэднийг ялгалгүй ажилласнаар аяндаа зөөлөн ур чадварыг бий болгож чадна.
- Та өөрийн охидоо бас цэцэрлэгийн багш болгосон. Мэргэжилдээ хайртай болохоор тэр үү?
- Би хоёр охинтой. Охид маань соёл урлагийн
менежер, англи монгол хэлний багш мэргэжил эзэмшиж, өөр өөрийн мэргэжлээр ажлын гараагаа эхэлж, сайн ажиллаж байсан боловч нэг л мэдэхэд цэцэрлэгийн багш хэмээх эрхэм мэргэжлийг
эзэмшсэн. Миний хувьд
охидоо “Цэцэрлэгийн багш болоорой” гэж ятгаагүй, зөвлөөгүй.
Охид
маань ажил дээр хааяа очихдоо бяцхан хүүхдүүдийн дунд аз жаргалтай ажиллаж
байгаа ээжийгээ хараад хамгийн гэгээлэг мэргэжил гэж сонгосон болохыг л мэддэг.
Тэгээд ч миний хоёр охин хүүхдэд дэндүү хайртай, зөөлөн зантай, бас авьяаслаг.
Ямар ч нөхцөлд хувиран ажиллах чадвартай, өөрийн
гэсэн арга барилтай сайн багш болохын
зэрэгцээ монголын бяцхан иргэдийн төлөө ээжийнхээ хийж гүйцээгүй
бүхнийг хийх зорилготой яваад
нь талархаж, бахархаж л явдаг юм.
Одоо хоёулаа хоёр өөр аймагт цэцэрлэгийн арга зүйч ажлыг эрхэлж, бусдын төлөө эрдэм мэдлэг, оюун ухаан, сурсан бүх зүйлээ зориулж яваа. Миний охидууд, миний л үргэлжлэл шүү дээ.
-Та цэцэрлэгийнхээ сүлд дууг зохиож, олны хүртээл болгосон. Өөр уран бүтээл туурвив уу?
- Сургуулийн сурагч байхаасаа эхлэн үйл ажиллагааг хөтлөн
явуулж, багшаасаа даалгавар аван үг хэлхэж, 4-8 мөртийг зохиогоод түүнтэйгээ
уялдуулан тоглолт, баяр ёслолын ажиллагааг хөтөлчихдөг байсан маань өөрт чадвар
болон суусан юм болов уу даа, одоо ч гэсэн хааяадаа хэдэн мөртүүд хэлхэн
бичдэг. Түүнийг маань олж харсан хүмүүс “тоож” урам хайрладаг учир унших, бичих
боловсруулах сонирхолтой.
Хүүгээ жаахан байхад, охидоо арван жилийн сургуулиа төгсөж байхад нь тэдэндээ зориулж “Ижий хайр-мөнхийн шүтээн” дууны үгийг бичиж, ая зохиогч багш Б.Отгондулам маань хөг тааруулан хүүхэд багачуудын дуулах дуртай дуу болсонд баярлаад түүнээс хойш таван дууны үг бичиж, дуу болон гаргасан.
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын сүлд дууны үг
зохиож өгөөч гэж тухайн үеийн орлогч дарга Ж.Алтангэрэл хүсэлт өгснөөр “Бид
онцгойгийнхон” дууг хайртай хүүдээ зориулан, гал сөнөөгч, аврагчдынхаа гавьяаг
магтан дуулсан, өврийн сайхан хангайнхаа бахархал, омогшлууд гэсэн утгатайгаар
бичсэнийг Онцгой байдлын албаны 20 жилийн ойн босгон дээр МУСГЗ, Морин хуур
найрал хөгжмийн удирдаач Д.Түвшинсайхан ая зохиож дуу болгон босгосонд бахархаж
явдаг юм.
-Танд
баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье.