ӨВӨРХАНГАЙ: Генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-07 18:00:30

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсад цэргийн дээд Генерал цол олгож эхэлсний 81 жил, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл үзүүлж байна.

Тус аймгаас 18 генерал цолтон төрөн гарсан бөгөөд тэдгээрээс хошууч генерал гурав, дэслэгч генерал зургаа, бригадын генерал цолтой есөн хүн байна. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд дэслэгч генерал Ц.Тогоо, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, хошууч генерал Ч.Цэрэндагва, хошууч генерал Д.Бадам, бригадын генерал Ц.Гандорж, бригадын генерал Ж.Мөнхбаяр, бригадын генерал Т.Лодойдамба, бригадын генерал Д.Мөнгөнжин, бригадын генерал Ч.Гандирваа, бригадын генерал О.Ганбат нар хүрэлцэн ирлээ.


Тэднийг аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж хүлээн авч, уулзалт хийн аймгийнхаа хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтын талаар танилцуулан санал солилцсон юм. Мөн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтад оролцож, салбарынхаа залгамж халаа, залуу хойч үед хандан сургамж үгээ хэллээ.


Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд аав, хүү генерал дөрөв байдгаас хоёр нь Өвөрхангайнх. Хошууч генерал Ч.Цэрэндагва, түүний хүү бригадын генерал Ц.Гандорж бол дэслэгч генерал Ц.Тогоогийн хүү бригадын генерал Т.Галбадрах юм. 

“Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, Үндсэн хуулиндаа “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээн заасан. Үүнтэй холбоотойгоор батлан хамгаалах салбарын эрхзүйн орчин шинэчлэгдсэн бөгөөд эдүгээ цагийн эх орноо батлах хамгаалах үйлсэд Өвөрхангай аймгаас төрөн гарсан цэргийн зүтгэлтнүүд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан” хэмээн бригадын генерал Ц.Гандорж хэлсэн үгэндээ онцоллоо.



 

Связанные новости