ОРХОН: Тариаланчдын талбайн хэмжээг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны есдүгээр сарын 8/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Жаргалант суманд тариаланчидтай уулзаж, ургац хураалтын явцтай танилцлаа.
Улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн ундарга” компани нь сүүлийн 17 жилд 1 га талбайгаас дунджаар 45-53 цн ургац хураасан амжилтаар улсын рекорд эзэмшдэг юм. Энэ онд 1 га-аас 35-45 цн ургац хурааж байна.
Тус компани “Атрын-4” аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээр бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах 3500 тонн агуулах бүхий цогц байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.
Улаан буудайн үрийн шинэчлэлд анхаарч Бурятская-Остистая, Гонец, Алтайская-70, Байкальская сортын улаан буудай импортлон амжилттай нутагшуулсан байна.
Орхон аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийжээ.
Урьдчилсан балансаар Орхон аймаг 8958 тн улаан буудай, 1457 тн төмс, 5760 тн хүнсний ногоо, 1076 тн малын тэжээл, 1393 тонн тосны ургамал хураан авна. Аймгийн хэрэгцээт улаанбуудайг 100 хувь, төмсний 50 хувь, хүнсний ногооны 80 хувийг хангана гэж тооцжээ.
Энэ жил Орхон аймгийн нутгаар олон жилийн дунджаас 21.7 мм-ээр ахиу хур тунадас орсон нь ургацад эергээр нөлөөлжээ.
Тариаланчдын зүгээс Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мянган тоннын багтаамжтай бүрэн автоматжуулсан зоорь барих, мөн тариалалтын талбайг 200 мянган га-гаар тэлж, тариаланчдад эзэмшүүлэх эрх олгохыг хүслээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар газар тариалан эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахын тулд тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дэмжиж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.