Гадаад худалдааны бараа эргэлт 16.6 тэрбум ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-10 16:55:25

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны эхний 8 сард 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.6 тэрбум ам.долларт хүрчээ. 


Үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (8.2 хувь) тэрбум, экспорт 1.5 (13.8 хувь) тэрбум, импорт 24.7 (0.3 хувь) сая, тэнцэл 1.4 (46.2 хувь) тэрбум ам.доллароор багассан байна. Экспорт дээрх хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс 1.5 тэрбум ам.доллароор буурахад нүүрс 2.7 тэрбум, угаасан ноолуур 238.9 сая, боловсруулаагүй газрын тос 43.3 сая, хагас боловсруулсан алт 35 сая, хонь, ямааны мах 25.9 сая ам.доллароор багассан нь нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.5 тэрбум, мал амьтны самнасан үс, хялгас 88.8 сая, цайрын хүдэр, баяжмал 43.4 сая ам.доллароор нэмэгджээ.


Импорт өмнөх оны мөн үеийнхээс 24.7 сая ам.доллароор буурахад ачааны машин 128.9 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 44 сая, бульдозер, экскаватор зэрэг 32.5 сая, дизель түлш 30.5 сая, авто бензин 23.3 сая ам.доллароор багассан нь нөлөөлжээ. Харин суудлын авто машин 128.6 сая, согтууруулах ундаа 16.5 сая ам.доллароор нэмэгджээ. 

Связанные новости