ДОРНОД: Хичээл эхэлснээс хойш 500-гаад сурагчийг ногооны талбайдаа хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-24 14:36:07

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Улсын аварга тариаланч С.Энхтулга ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхэд багачуудыг тариалангийн талбайдаа хүлээн авч байна. Тэрбээр хүүхдүүдийн танин мэдэхүйг хөгжүүлэх зорилгоор практик аяллыг дөрөв дэх жилдээ ийнхүү зохион байгуулж байгаа юм. Энэ намар л гэхэд хичээл эхэлснээс хойш 500 орчим хүүхэд эднийхээр зочилж, өөрийн гараар түүсэн ногоог нь бэлгэнд өгчээ.  


Энэ зун 4 га газарт тарвас тарьж, 90 хоногийн дараа шар, улаан өнгөтэй, бөөрөнхий, зуйван хэлбэртэй тарвас хураан авч байгаагаа сонирхууллаа. Мөн тухайн талбайд тарьсан ногооноос гадна хогийн ургамал зэрэг өөр төрлийн ургамал ургаж байвал энэ нь эрүүл хүнс юм гэх зэргээр сурагчдад олон төрлийн мэдээллийг сонирхолтой аргаар өгч байв.


Олны дунд “28-ын ногоо” нэрээр танигдсан эдний хамт олон 10 га газарт 10 гаруй төрлийн төмс, хүнсний ногоо, алим, чавга, үрэл, монос, бөөрөлзгөнө зэрэг арван төрлийн жимсний мод тарьж байна. 


Связанные новости