СҮХБААТАР: Малчид нь эргүүлд гарч хотоо камераар хянадаг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Түмэнцогт сумын Цагдаагийн хэсэг, ЗДТГ-тай хамтран малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдаа тогтсон хуваарийн дагуу эргүүлд гаргаж эхэлжээ.
Эргүүлд гарч буй малчид бүрэн бус болон сэжигтэй тээврийн хэрэгслийг шалгах,
цагдаагийн хэсэг рүү мэдээлэх үүргийг гүйцэтгэдэг.
Тус сум дөрвөн багтай. Баг тус бүрд 2-3 малчны бүрэлдэхүүнтэй баг 23.00-03.00 цагийн хооронд эргүүлийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн цагдаагийн хяналтын пост тогтмол ажиллаж байна. Энэ хугацаанд тэдний аюулгүй байдлыг хангах болон тээврийн хэрэгслийн шатахууны дэмжлэгийг сумын ИТХ-аас бүрэн шийдвэрлэжээ.
Үүнээс
гадна малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж буй нэг жишиг ажил нь малчид
өөрсдийн санаачилгаар малын хотоо камержуулжээ. Өөрөөр хэлбэл, ойролцоо өндөрлөг цэгт камер байрлуулснаар өөрийн хотоо болон ойролцоох гурав хүртэлх км радиусыг гар утсаараа тогтмол хянах боломжтой болсон байна.
Нэгдүгээр багийн малчин Г.Энхбаяр өнгөрсөн хавар хэдэн
тооны бяруугаа хулгайд алджээ. Тиймээс өөрийн хөрөнгөөр камер
байршуулж, өөрөө эсвэл сүлжээтэй газар байгаа гэр бүлийнхэн нь шууд гар утсаараа камераа хянадаг болжээ. Ингэснээр хулгайн
гэмт хэргээс бүрэн сэргийлж чадсан гэж тэрбээр ярилаа.
Камерын энэхүү систем
нь үнэхээр үр дүнгээ өгвөл сум орон нутгаас уг ажлыг бодлогоор дэмжиж, эрсдэл ихтэй
цэгүүддээ камер байршуулах боломжтой гэдгийг сумын Засаг дарга
Г.Энхбат хэллээ.
Түмэнцогт сум нь зүүн гурван аймгийн зааг нутагт буюу төв магистрал зам дагуу байрлагдаг
гэдгээрээ онцлог. Тиймээс малын хулгайн гэмт хэрэг гарах эрсдэл их. Тус суманд өнгөрсөн онд малын хулгайлах гэмт хэрэг хоёр бүртгэгдэж 20 гаруй тооны адуу алдагджээ.
Харин энэ оны 11 дүгээр сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг тав бүртгэгдсэн байна.
Связанные новости
Ulaanbaatar