ДОРНОГОВЬ: Хатны булгийн домог
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн урд хил Хатанбулаг сумын нутагт Хатны булаг хэмээх ус ургамал жигдэрсэн говийн баян бүрд бий. Энэхүү газрын тухай өмнө бичиж байсан бичвэрээ сэргээн хүргэж байна. Сумын төвөөс баруун урагш 25 км зайд орших энэ газрын тухай нутгийн иргэдээс үлдсэн домог хууч цөөнгүй. Чингис хаан 1226 онд Тангуд Улсыг дайлаар мордож одоогийн Хатанбулаг сумын нутаг Сайрын ус, Эргэлийн зоогоор орж, Хатны булаг дээр буудаллаж, бага борлог мориороо анд мордож хулан агнаж яваад, мориноосоо унаж бэртэн жил шахам нутагласан гэх домогтой.
Харин сүүлийн үеийн судалгаа шинжилгээний
дүгнэлтээр Монголын төрийн их үйл хэргийг гүйцэтгэж байсан Мандухай сэцэн хатны
үйл хэрэгтэй хамааруулж үзсэн судалгааны бүтээлийг эрдэмтэд гаргаад байна.
СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн
хамтарсан “Хатны булгийн нууцаас” хээрийн судалгааны анги 2016-2018 оны хооронд
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд судалгааны ажил хийсэн юм. Уг судалгааг
гардан зохион байгуулсан судлаач С.Өлзийбаяр, Б.Баатархүү, Б.Очир, А.Уранжаргал
нарын хамтын бүтээл “Домогт хатны булаг” ном хэвлэгдэж олны хүртээл болсон.
Судалгаагаар говийн бүсэд босгосон шороон хэрэм, хэрэм орчмын түүх соёл дурсгалыг бүртгэхэд Мин Улсын үеийн хөх шаазан, цагаан шаазан зэрэг олон олдвор олджээ. Хатны булаг орчим явуулсан археологийн судалгааны үр дүнд он цагийг нарийвчлан тогтоох ховор үнэт олдворууд гарсан бөгөөд Мин Улсын үед хийгдсэн хөх цагаан шаазан, дээрээ бичиг бүхий хүрэл толь зэрэг болно.
Үүнээс
үзвэл Хатны булгийн тухай домог нь эрдэмтдийн судалгааны он цагаар Монголын
эзэнт гүрний улс төрийн бутралын үетэй давхцаж буй бөгөөд Монголын төрийг
удирдаж байсан хүчирхэг хатан Мандухайн үйл ажиллагаатай холбогдож буйг
тогтоожээ. Даян хааны үед Мин Улсаас ширүүн довтолгоо
ирж байсан бөгөөд урд зүгийн довтолгооноос сэргийлэх зорилгоор хамгаалалтын
бэхлэлт барих болсны нэгэн илрэл нь Хатны булгийн шороон хэрмийн цогцолбор
дурсгал болно.












