Алтан овооноос Найрамдлын гудамж хүртэлх замыг шинээр барьж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-30 14:44:58

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлйн Сонгинохайрхан дүүргийн хөрөнгө оруулалтаар Алтан овооноос Найрамдлын гудамж хүртэлх 3.7 км замыг шинээр барьж эхэллээ.


Тус ажлын гүйцэтгэгчээр “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Эхний нэг км замыг 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус зам нь 8 метр өргөн, 3.7 км урт, явган 1.7 км зам, 9 цэгийн гүүр, хоолойн байгууламжтай байх юм. 


Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Дүүргийн иргэдээс өндөр хүчдэл дагуулан авто зам тавьж өгөөч гэсэн санал олноор ирсэн. Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн төсвийн 6.5 тэрбум төгрөгөөр анх удаа бүтээн байгуулалт хийж байна. Ингэхдээ 85 айлын газар чөлөөлөх гэрээ хэлцлийг энэ намартаа багтааж хийж, ирэх хавар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Замыг ашиглалтад оруулснаар Орбит, Тахилт, Толгойт, Таван шарын авто замын ачаалал багасна” гэжээ.

Связанные новости