СЭЛЭНГЭ: Н.Болормаа: Сэлэнгэ аймгийнхан хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин зохион байгуулсан туршлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-07 09:51:16

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн Улаан загалмайн Дунд шатны хороодын дарга нар өнгөрсөн 7 хоногт Сэлэнгэ аймагт зочилсон. Энэ үеэр Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаатай ярилцсан юм.  

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа ажлын зорилго болоод Сэлэнгэ аймгийг сонгосны учир юу байв?

-Баярлалаа. Бидний ажлын гол зорилго бол Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ажлын туршлага солилцоход чиглэж байна. Сэлэнгэ аймгийн анхан шатны улаан загалмайн хороог сонгосны учир гэвэл тус хорооноос хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буй талаар болон төр улаан загалмайн хамтын ажиллагаа ямар байгаа сайн туршлагыг бусдадаа судлуулахаар ирсэн. 

 

Тухайлбал 21 аймаг, 9 дүүргийн УЗХ-ны дарга нар Сэлэнгэ аймагт ирээд анхан шатны нэгжид, сумын түвшинд цусны донорын хөдөлгөөнийг яаж өрнүүлж байна. Байгалийн гамшиг тохиолдсон үед хариу арга хэмжээг хэрхэн авч байгаа, ОБГ, улаан загалмай 2 хэрхэн хамтран ажиллаж байгаа гээд танилцах, судлах олон зүйл бий.

 

-Улаан загалмайг хариу нэхдэггүй хүмүүнлэгийн байгууллага гэдгээр олон нийт сайн мэддэг. Ер нь ямар чиглэлд илүү анхаарлаа хандуулдаг вэ?

-Ер нь бидэнд хүнд хэрэгцээтэй, хамгийн хүнд үед гэж хэлж болно. Тухайлбал зуд турхан, короногийн цар тахал, байгалийн онц аюултай үзэгдэл боллоо гэхэд иргэдээ хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ, яаж бэлэн байдлыг нь хангах вэ, гамшигт өртвөл хамгийн түрүүнд хүмүүнлэгийн тусламжийг улаан загалмай хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудлуудад илүү анхаарлаа хандуулан ажилладаг.

 

-Сэлэнгэ аймагт сайн туршлага бий гэж та хэллээ. Тухайлбал?

-Бусад аймгууд Сэлэнгэ аймгийн жишээн дээр хэрэгжүүлж эхэлсэн олон сайн туршлага бий. Тухайлбал гамшгийн бэлэн байдал нөөц бүрдүүлэх, гал түймэрт өртсөн айл өрхүүдэд болон зуд, хүчтэй салхи болон шороон шуурганд өртөөд гэр орноо алдсан хүмүүст үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулсан гээд. Хүний амьдралд янз бүрийн бэрхшээл тохиолдсоор байдаг. Энэ бүх нөхцөл байдлын үед хамгийн түрүүнд тусламж үзүүлэх нөөц бүрдүүлэхэд аймгийн Засаг дарга, түүний ЗДТГ улаан загалмайтайгаа маш сайн, нягт олон жил хамтарч ажиллаж байгаа нь их бахархам.  

 

Энд ирээд хамгийн их талархаж байгаа зүйл бол Сэлэнгийнхэн маань хүмүүнлэгийн үйл ажиллагааг хүүхэд багачуудаасаа эхлээд настан буурлууд нь хүртэл бүгдээрээ дэмжиж, улаан загалмайд сайн дурын идэвхтэн болж, гишүүн болж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулахад сайн дураараа хөрөнгө мөнгөөрөө дэмжин тусалж байгааг харахад сайхан байлаа.

 

-Сэлэнгэ аймгийн Улаанзагалмайн хорооны ажлын гол туршлага болох ямар ажил байв?

-Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн дунд шатны хороо шинэ даргатай болоод 5 жил болж байгаа. Энэ хугацаанд маш олон ахиц  дэвшил гарсан байна. Тухайлбал бүх сумандаа улаан загалмайн анхан шатны хороог байгуулсан байна. Мөн Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох сайн дурын багийг идэвхтэй, сайн бэлтгэж чаджээ. Энэ мэт бусдадаа туршлага болохоор олон чухал ажлууд нь жишиг болсон учраас бид Сэлэнгэ аймагт ирж туршлага судалж байгаа юм. Улаан загалмайн үйл ажиллагаа гэдэг бол хүний төлөө л байдаг.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Связанные новости