ДОРНОГОВЬ: "Алтан зул" наадмын эргэн тойронд
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран боловсролын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан зул” наадмыг говийн бүсийн дөрвөн аймгийг хамруулан Сайншанд суманд энэ сарын 4-нд зохион байгууллаа.
Монголын Багш нарын баярыг давхцуулж зохион байгуулсан “Алтан зул-2025” наадамд есөн номинацийн хүрээнд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 250 гаруй багш нэр дэвшин оролцжээ. “Хүүхэд хамгааллын шилдэг баг”-аар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын V дугаар сургууль, “Аж ахуйн шилдэг баг”-аар Дундговь аймгийн Мандал сургууль, “Шилдэг дотуур байр” шагналаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын IV дүгээр сургууль, “Шилдэг эцэг, эхийн зөвлөл, сургуулийн зөвлөл”-өөр Дорноговь аймгийн Хөвсгөл сум, “Сургуулийн өмнөх боловсролын шилдэг байгууллага”-аар Говьсүмбэр аймгийн V дугаар цэцэрлэг, “Мэргэжлийн шилдэг бүлэг” шагналаар Өмнөговь аймгийн Ханбогд сум, “Суурь боловсролын шилдэг сургууль”-иар Дорноговь аймгийн Улаанбадрах сум, “Бүрэн дунд боловсролын шилдэг сургууль"-иар Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль шалгарсан бол “Алтанзул” наадмын “Шилдгийн шилдэг номинаци” шагналаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын “Цэгц билиг” сургууль тус тус шалгарчээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүсчилсэн
хөгжлийн үзэл баримтлалын дагуу Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр
аймаг говийн бүсэд хамаарч байна. Тиймээс “Алтан зул”
наадмыг ирэх жил Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулахаар
шийдвэрлэжээ.












