MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Химийн салбарын Нобелийн шагналтнуудын нэрсийг зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-10-08 21:19:25

СТОКХОЛМ, 2025 оны аравдугаар сарын 8 /BBC/. Японы химич Китагава Сусумү, Америкийн химич Ричард Робсон, Омар М.Яги нар энэ оны химийн салбарын Нобелийн шагналын эздээр тодорлоо. Энэхүү шагналыг металлорганикийн шинэ нэгдлүүдийг үүсгэснийх нь төлөө тэдэнд олгохоор шийдвэрлэжээ.  


"Эрдэмтэд хий болон бусад химийн бодис нэвтрэх боломжтой том зай завсар бүхий молекулын бүтцүүдийг үүсгэжээ. "Metal-organic frameworks" хэмээн нэрлэдэг эдгээр бүтцийг цөлийн агаараас усны уур шингээхэд, нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж авахад, хорт хийг хадгалахад, эсвэл химийн урвалын катализатор болгон ашиглах боломжтой" гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.


Китагава Сусумү 1951 онд Японы Киото хотод төржээ. Тэрбээр 1979 онд Киотогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд одоо тус сургуулийн профессор юм.


Ричард Робсон 1937 онд Их Британийн Гласберн хотод төрсөн байна. Мельбурны их сургуулийн профессор тэрбээр 1962 онд Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.


Омар М.Яги 1990 онд Урбана-Шампейн дахь Иллинойсын их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. 1965 онд Иорданы Амман хотод төрсөн тэрбээр одоо Калифорнийн их сургуулийн (Беркли) профессор юм.


Китагава Сусумү, Ричард Робсон, Омар Яги нар шинэ хэлбэрийн молекулын бүтцүүдийг үүсгэжээ. Тэдний бүтээсэн бүтцүүдэд металлын ионууд нь зангилаа (холбогч төв) болж, нүүрстөрөгчийн суурьтай урт органик молекулуудаар холбогддог ажээ. Металлын ионууд ба молекулуудыг дотроо том зайтай талст бүтэц үүсэх дараалал, зохион байгуулалттайгаар холбосон байна. Ийм нүх сүвэрхэг материалыг "metal-organic frameworks" (MOF) гэж нэрлэдэг.  Химичид тэдгээрийг тодорхой бодисыг шингээж авах, хадгалах зориулалттайгаар бүтээж болдог ажээ. 


"Метал-органик бүтцүүд нь урьд өмнө хэзээ ч байгаагүй шинж чанартай материалуудыг захиалгаар бүтээх боломжийг нээж өгч байна" гэж химийн салбарын Нобелийн хорооны дарга Хайнер Линке хэллээ.


Өнгөрсөн оны химийн салбарын Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн Дэвид Бейкер, Их Британийн судлаач Жон Жампер, Демис Хассабис нар уургийн бүтцийг судалсныхаа төлөө хүртсэн юм. 


Америкийн химич Д.Бейкер цоо шинэ төрлийн уургийг гаргаж чадсан бол Д.Хассабис, Ж.Жампер нар хагас зуун жилийн туршид таамаглаж чадаагүй уургийн нарийн төвөгтэй бүтцийг урьдчилан таамаглах боломжийг олгосон хиймэл оюуны загварыг бүтээсэн байна. 


1901 оноос хойш химийн салбарын Нобелийн шагналыг 116 удаа олгожээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг 195 хүн хүртсэн байна. Харин 1916-1919, 1924, 1933, 1940-1942 онуудад шагналыг найман удаа олгоогүй бөгөөд үүний шалтгаан нь Нобелийн хороо тухайн жилүүдэд нэр дэвшигчдийн ирүүлсэн судалгааны ажлуудыг шагналыг хүртэхэд хангалтгүй гэж үзжээ.

Связанные новости