ОРХОН: Монголын мэргэшсэн нягтлан бодогчид спортоор өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-17 11:02:00

Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 17/МОНЦАМЭ/. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институтын спортын XVIII их наадам Эрдэнэт хотод өнөөдөр эхэллээ.


Энэ сарын 17-19-нд болж буй тус спортын их наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1300 гаруй  мэргэшсэн нягтлан бодогчид спортын зургаан төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдөнө. Хоёр жил тутамд зохион байгуулдаг спортын наадмын тамирчид энэ удаагийн тэмцээний үеэр мод тарих юм.


Спортын наадмын хүрээнд нягтлан бодогчийн мэргэжлийг сурталчлах өдөрлөг, мэргэшсэн нягтлан бодогчид, нягтлан бодох мэргэжлээр суралцаж буй төгсөх курсийн оюутнууд, төрийн болон хувийн хэвшилд мэргэжлээрээ ажиллаж байгаа нягтлан бодогчдын дунд “Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн үнэ цэнэ ба шинэ эрин” сургалт зохион байгуулав. 


Сургалтыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институт, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамтран зохион байгуулж, нягтлан бодогчдод нийгэм, олон улс дахь технологийн өөрчлөлт, хиймэл оюуны хөгжлийн цаг үед  мэргэжлээрээ хэрхэн үр дүнтэй манлайлах, ур чадвар эзэмших мэдлэг мэдээллийг олгов.


Мөн олон улсын татварын хэлэлцээр, гадаад худалдаа, өөрчлөлт, чиг хандлага, нягтлан бодогчийн мэргэжлээс гадна бусадтай хэрхэн үр дүнтэй ажиллах, шинэ ур чадварт хэрхэн суралцах зэрэг сэдвээр “Infinity Skills Academy”-ийн сургагч багш А.Есүнгэ, Мэргэшсэн нягтлан бодогч Ц.Энхжавхлан, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институтийн Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар нар хичээл зааж, зөвлөмж, харилцан яриа өрнүүллээ. Нягтлан бодогчийн мэргэжил сурталчлах өдөрлөг, сургалтыг зохион байгуулахад дэмжин хамтран ажиллаж буй Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад байгууллага, хамт олонд талархаж буйгаа Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн Институтийн Салбар, гишүүнчлэл хариуцсан дэд захирал Л.Батзаяа илэрхийлэв.  


Монгол Улсын хэмжээнд нийт 5600 гаруй мэргэшсэн нягтлан бодогч байдаг аж.



    



Связанные новости