ӨМНӨГОВЬ: Хонгорын элс 180 километр гаруй үргэлжилдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт оршдог Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм.
Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн 965 хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэх бөгөөд элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь үзэсгэлэнтэй.
Элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга
булаг хэмээх горхи байх ба баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр үргэлжлэн
урсах урсгалыг Хонгорын гол хэмээн нэрлэдэг.
Хонгорын элсний ар талд жуулчны баазууд байрлаж тэндээс
аялагчид морь, тэмээгээр аялан Хонгорын элсийг үзэж сонирхдог. Ширүүн салхитай өдөр элсэн шуурга дэгдвэл
эргэн тойрон нь харагдахгүй болдог тул жуулчны баазууд 5-17 километр хүртэлх
зайд алслан байрладаг.
Салхигүй нартай өдөр яг л газар дэлгэн
асгасан алт шиг гялалзан харагдах Хонгорын элс гадаад, дотоодын жуулчдын нүдийг
баясгадаг. Сул нүүдэллэдэг элс учраас
эгц авирах боломжгүй, хөл шигдэн амархан ядраадаг.
Эрт үед Хонгорын элс хавийн заг асар өндөр, шигүү дотроос
тэмээгээ олдоггүй байсан тухай нутгийн уугуул хөгшид хуучилдаг.
Хонгорын элсний баруун талаар сунайн цэнхэртэх Хатан
Сэврэй уулыг эмэгтэйчүүдийг ивээдэг хэмээн нутгийнхан шүтэж ирсэн домогтой тул
“хатан” хэмээх өргөмжлөлтэй болжээ. Сэврэй уулын хаднаа олон тооны хадны сүг
зураг байдаг.
Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэнэ. Орон сууцны 9 давхраас ч өндөр сүрлэг харагддаг энэ элсэн манхны оройд нь мацаж гарахад ойр хавийн хүн, мал, орчин тойрны элдэв юмсыг алган дээр мэт харж чадна.
Мөн элсэн дээр дээш харан хэвтэхэд дүнгэнэн дуугардаг нь наранд халсан элс, салхины аясаар зөөлөн гулсах нь ийм чимээг гардаг ажээ. Тиймээс нутгийнхан “Дуут манхан” хэмээжээ.
Тус байгалийн үзэсгэлэнт элсэн бүрд нь Улаанбаатараас баруун урагшаа 650 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас баруун хойш 216 км, Сэврэй сумын төвөөс зүүн хойш 35 км зайд оршдог.
Энэ бүс нутагт заг, Монгол Улсын Улаан
номд орсон цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо, алтан бэрмэг, алтан харгана
зэрэг ургадаг. Ан амьтны хувьд говийн ховор шувууд болох хулан жороо,
хонин тоодог, жороо тоодог, цөлийн зэржигэнэ, цоохор ирвэс, алтайн хойлог, аргаль, янгир,
цагаан зээр, хар сүүлт зээрийн сүрэг амьдардаг.
Хонгорын элсийг 1997 онд Япон Улсын ЖАЙКА төслөөс боловсруулсан “Монгол Улсын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-нд говийн аялал жуулчлалын гол цэгүүдийн нэгээр тэмдэглэжээ.