ӨВӨРХАНГАЙ: Мөс сэндэртийн агуйн мөсөн багана хайлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-24 12:37:45

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Богд сумын нутаг, Дулаан богд ууланд Мөс сэндэртийн агуй гэж бий. 30 метр гаруй өндөр цохионы бөөрөнд оршдог тус агуйд есөн метрийн голч бүхий том мөсөн багана байсан нь дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жарны туршид хайлж үгүй болжээ.


Мөн энд улаан, ногоон өнгөтэй сэндэр буюу эрдэст чулуу их байдаг тул нутгийнхан Мөс сэндэртийн агуй хэмээн нэрийдсэн байна. Энэ агуй руу орохын тулд есөн метр орчим элгэн хадаар олсны тусламжтай авирч хүрнэ.


Агуй нь олгой хэлбэр бүхий ганц аварга том хүнхтэй агаад ханаар нь таван өнгийн хив хадаг зүүж, мөнгөн дэвсгэрт болон зоосон мөнгөнүүдийг ихээр тавьсан байдаг. Хана туургаар нь орчин үеийн бичээсийг энд тэндгүй сийлэхээс гадна агуйн тотгонд чагтган тэмдэг, дүрс үсэг, тамга зэргийг сийлсэн нь он цагийн хувьд олон жилийг элээж байгаагийн илрэл юм.


Тэрчлэн энд хонь, үхэр чулуу их, ам бүрийг халгай тагласан, зэрлэг амьтдын ялгадас, шувуудын сангас арвин бөгөөд байгалийн сүр хүчийг харуулсан гайхамшигт агуйдын нэг билээ. 


Эх сурвалж: "Өврийн хангайн өмбүүл агуйнууд" номоос


Связанные новости