БУЛГАН: Шинэ дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-28 17:16:39

Булган, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/.  Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн Найдаг ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг илрүүлсэн байна.


Бичээс илэрсэн Найдаг уул нь Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархай ба Дашинчилэн сум хоёрыг холбосон, Хөгнө уулын зүүн бэлээр урсах Бадын голын дагуух эртний замын хажууд оршдог.


Ойр орчимд хятаны үеийн тариалангийн суурингууд байсан ул мөр, хүрлийн үеийн булш оршуулгын дурсгал, руни бичгийн дурсгал, хадны зургийн дүрслэлүүд олноор тархсан төдийгүй хожмын Түдэв гүний хүрээ, Тариач отгийн жас хэмээх хоёр хийдийн туурь ойрхон байдаг.


Найдаг уул нь бүхэлдээ том, жижиг чулууны үйрмэгээр хучигдсан бөгөөд хэд хэдэн газарт эртний хадны зураг ажиглагдана. Бичээс бүхий агуйн дээд тал нь нээлттэй нэвт бөгөөд нуранги чулууд хуримтлагджээ.


Тус бичээс нь газрын түвшнээс дээш 200 гаруй метр өндөр, Найдаг уулын энгэрт байрлах агуйн дотор бичигдсэн бөгөөд урьдчилсан судалгаагаар агуйн дотор долоон хэсэгт бичээс байгааг тогтоов.


Профессор Мацүкава хятад гэмээр бичээсүүдийг нягталсан бөгөөд тэдгээр нь бүгд ханзаар бус, харин хятан бичгээр бичигдсэн болохыг тогтоосон байна.


Иймд БНХАУ-ын Хөх хотод оршин суудаг Такэүчи профессорт бичээсийн гэрэл зургийг илгээн тайлал хийлгэхэд, “Бичээс нь ихэд бүдгэрсэн тул уншихад бэрх хэдий ч хятаны их бичгийн онцлог үсгүүдийг олонтаа таньж болно. Энэ нь ханз бичээс биш гэдэг нь илт” гэж мэдэгдэв. Цаашлаад “4 дүгээр бичээс нь хятан бага бичгээр бичигдсэн байх магадлалтай. Тэгвэл нэг газарт хятаны их бичиг болон бага бичгийг хамтад нь бичсэн тохиолдол урьд өмнө огт мэдэгдээгүй тул маш ховор нээлт болох юм” хэмээн тэмдэглэв.


Монгол Улсын нутгаас хятан их бичгийн хэд хэдэн бичээс илэрсэн бөгөөд тэдгээрийн дундаас хамгийн сайн мэдэгдсэн нь Хэнтий аймгийн Рашаан хадны бэхэн бичээс болон Салбар уулын сийлмэл бичээс, Эрдэнэ уулын бэхэн бичээс юм. Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Донгойн ширээ дурсгалаас илэрсэн хятан бага бичгийн бэхэн бичээс, мөн тус сумын Адагийн голын хадны хятан их бичгийн бэхэн бичээс, түүнчлэн 2010 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд Монгол–Японы хамтарсан “Бичээс” төслийн багийнхны илрүүлсэн Бүлээний Овооны хятан их бичгийн хөшөө бичээс зэрэг цөөнгүй бий.


Харин Туулын ай савд Чинтолгой балгас, Харбухын балгас, Улаан хэрэм, Хэрмэн дэнж балгас зэрэг хятаны үеийн цэргийн олон хот балгасын үлдэгдэл байдаг боловч 1979 онд Х.Пэрлээ гуайн олсон дээврийн ваар болон тоосгон дээрх хятан бичиг гэмээр дүрс тэмдгийг үл тооцвол, хятаны бичгийн нэг ч эх сурвалж илрээгүй байв.


Энэ утгаараа Найдаг уулын хятан бичээс шинээр илэрсэн нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна. Ялангуяа хятан их бичиг болон бага бичгийг хамтад нь бичсэн байгаа нь урьд өмнө гарч байгаагүй анхны тохиолдол юм.   







 

Связанные новости