ЗАВХАН: Тос тосолгооны материалыг зориулалтын цэгээс худалдан авахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-29 13:08:52

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улирал солигдож буй энэ үед ялангуяа хүйтний улиралд тос, тосолгооны материалыг зориулалтын цэгээс  худалдан авахыг Завхан Авто тээврийн төвөөс зөвлөж байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн болон хурдны хайрцагт зориулагдсан тоснуудыг зориулалтын агуулах, худалдааны төв, авто засварын газрууд, ШТС-ын дэргэдэх худалдааны цэгүүдээс тос, тосолгооны материал худалдаж авахдаа тухайн газрын стандарт, тухайн бүтээгдэхүүний хаяг шошго, лацыг шалгаж байж авах нь зүйтэй юм.


Тос, тосолгооны материалын сав, баглаа боодол, хаяг, шошго, лац таглаа, битүүмжийг сайтар шалгаж аваарай. Савны гадна талд үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, зориулалт хэмжээ, тосны ангилал зэрэг мэдээллийг бичсэн байдаг ба онгойлгох таг нь лацтай, дотор талдаа ихэвчлэн уян давхар тагтай байдаг.


Савны шошго дээр тосны ангилал буюу зунгалаг чанар-тосны хэр өтгөн, шингэн болохыг тодорхойлсон үсгэн тэмдэглэгээ байдаг. SAE ангилал нь тосыг ямар улриалд хэрэглэхийг заадаг.


Жишээлбэл, өвлийн тос- SAE 0W, 5W, 10W, 15W, 20W, 25W гэх мэт. W нь: Winter буюу өвөл гэсэн үг.  Зуны тос- SAE 20, 30, 40, 50, 60. S нь: Summer буюу зун гэсэн үг. Харин бүх улирлын тос SAE- 5W/30, SAE 0W/40, SAE 10W/30 гэх мэт тэмдэглэгээтэй байдаг.


Авто машины хөдөлгүүр, хурдны хайрцгийн тосыг солихдоо өөрийн тээврийн хэрэгслийн эд анги дээрх тэмдэглэгээний дагуу тосны ангилал, маркийг сонгох нь зүйтэй. Автомашины хөдөлгүүрийн тос солих хоолойн таган дээр тосны марк, ангиллыг бичсэн байдаг.


Тос, тосолгооны материал худалдаж авахдаа зориулалтын агуулах, худалдааны төв, автозасварын газрууд, ШТС-ын дэргэдэх худалдааны цэгүүдээс авах нь илүү баталгаатай. Мөн худалдаж авахдаа тосны шинжилгээний бичиг, хэрэглэх заавар зэрэг холбогдох бичиг баримтуудыг шалгаж аваарай гэв.


Ташрамд, өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудаас тос тосолгооны материалуудыг хэвийн борлуулж байна. Харин зарим шатахуун түгээх станцууд шатахууны нөөцгүйгээс хязгаарлалттай олгож байна. 

Связанные новости