ЗАВХАН: "Сүрьеэгүй Завхан" төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-29 16:21:15

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дилав хутагт сан, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, АНУ-ын Жонс Хопкинсийн их сургууль хамтран хүүхэд бүрд сүрьеэгүй ирээдүй уриатай “Сүрьеэгүй Завхан" төслийг хэрэгжүүлнэ.


Төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гурвалсан санамж бичгийг Дилав хутагт сангийн тэргүүн Дилав хутагт Данзанламэд, Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд,  Жонс Хопкинсийн их сургуулийн профессор, доктор Кунчог Доржэ нар байгууллаа.


Энэхүү санаачилга нь Жонс Хопкинсийн их сургуулийн Johns Hopkins Medicine “Zero TB in Kids” төслийн хүрээнд Монголд хэрэгжиж буй анхны салбар төсөл юм. Энэ төслийг Дилав хутагт сан санаачлан, ХӨСҮТ, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлнэ.


Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэн болон олон хүн төвлөрдөг сургууль, дотуур байр зэрэг кластер бүсүүдэд сүрьеэгийн илрүүлэг, шинжилгээг хийнэ. Мөн урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх юм.


Завхан аймгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөлийг сүүлийн 10 жилийн дунджаар авч үзэхэд, жилд дунджаар 30 иргэн оношлогддог. 9-р сарын байдлаар 21 иргэн оношлогдсоноос 1 нь хүүхэд байна. Оношлогдсон иргэдийг 100 хувь эмчилгээнд хамруулж бүрэн эдгэрсэн байна гэж Завхан аймгийн ЭМГ-аас мэдээлэв.


Санамж бичигт гарын үсэг зурах ёслол, төслийн нээлтэд төслийг хэрэгжүүлэх бүх талын удирдлагууд, ЭМГ-ын эмч, ажилтнууд, иргэд оролцож байна. 


Төслийн нээлтийн үеэр Хопкинсын их сургуулийн багш, доктор Кунчок Доржээ:

-"Хүн анхнаасаа сүрьеэгийн вирустэй төрдөггүй учир Завхан аймагт энэ өвчлөлийг арилгах боломж 100 хувь бий" гэлээ. 




Связанные новости