ЗАВХАН: Бүсийн тогооч нарын улсын уралдааныг ирэх онд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-29 14:03:46

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймаг 2026 онд баруун бүсийн тогооч нарын улсын уралдаан, хоолны фестивалийг зохион байгуулна.


Нийслэлд энэ сарын 18-20-ны өдрүүдэд болсон улсын аварга тогооч, зөөгч шалгаруулах уралдаанд Завхан аймгийн "Загасан нүд" рестораны ахлах тогооч Б.Алтансүх  амжилттай оролцож, орон нутгийн онцлог идээ, ундаа төрөлд алтан цом хүртсэн байна.


Энэ нь Завхан аймгийн түүхэнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй амжилт юм. Мөн хүүхдийн хоол төрөлд Улиастай сумын 7 дугаар цэцэрлэгийн тогооч Х.Оюунбилэг гуравдугаар байрт шалгарсан байна.


Уралдаанд амжилттай оролцоод ирсэн тогооч нар, аймгийн Тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал Б.Одгэрэл нарыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.


Тэрбээр, Завхан аймаг аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд хоолны соёл, үйлчилгээ, чанар, хүртээмжийг нэмэхэд онцгой анхаарч ажиллаж байна.


Сум бүр өөрийн онцлог, давуу тал, ёс заншилдаа тулгуурлан брэнд хоолтой болох юм. Тиймээс 2026 онд Завхан аймагт брэнд хоолны фестиваль зохион байгуулж, тогооч нарын улсын уралдааныг аймагтаа хийхээр төлөвлөж буйгаа ярив.


Түүнчлэн тогооч нарыг тэмцээн уралдаанд оролцох, шинэ хоолны нэр төрөл гаргах, мэргэжил дээшлүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, энэ оны зургаадугаар сард Баян-Өлгий аймагт зохион байгуулсан баруун бүсийн тогооч нарын улсын уралдаанд Завханы тогооч нар багаараа 2-р байр эзэлжээ. Тэд тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж, 2 тогооч тусгай байр эзэлсэн байна. Тэмцээний үеэр Монголын Тогооч нарын холбооноос Завхан аймгийн тогооч нарын хийсэн адууны умсны хорхгийг Завхан аймгийн брэнд хоолоор шалгаруулж, албан ёсоор бүртгэсэн тухай Завхан аймгийн Тогооч нарын холбооноос нэмж дуулгав. 


Завхан аймаг үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг дэмжиж тодорхой төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.


Аймгийн ХХААГ-аас хүнс, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээний салбарын чиглэлээр 14 зорилтын хүрээнд 27 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Ирэх жил болох баруун бүсийн тогооч нарын аварга шалгаруулах тэмцээний үеэр болох хоолны фестивалийг хүнсний аюулгүй байдал талаас нь зөвлөн тусалж ажиллана хэмээн Завхан аймгийн ХХААГ-ын Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Баярмаа ярилаа.



Адууны махан хорхог

Связанные новости