“Белавиа” компанид тавьсан хоригийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-05 09:47:09

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /DW/. Беларусийн төрийн өмчит агаарын тээврийн “Белавиа” компанийг хориг арга хэмжээний жагсаалтаас хассан тухай АНУ-ын Сангийн яамны Гадаадын хөрөнгийн хяналтын албаны (OFAC) цахим хуудсанд мэдээлжээ. 


Мөн "EW-301PJ" бүртгэлийн дугаартай "Bombardier Challenger 850" онгоцонд тавьсан хязгаарлалтыг цуцалжээ. Энэ бол Беларусийн удирдагч Александр Лукашенкогийн гэр бүлийн гишүүд болон тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг тээвэрлэдэг онгоц гэж "Зеркало" хэвлэлд мэдээлсэн байна.


АНУ-ын Сангийн яам мөн "EW-001PA", "EW-001PB", "EW-001PH" гэсэн бүртгэлийн дугаартай гурван нисэх онгоцтой холбоотой ажиллагааг түр хугацаанд зөвшөөрчээ. Эдгээр онгоц нь Лукашенкотой болон хориг арга хэмжээнд хэвээр байгаа  “Славкалий” компанитай холбоотой аж. 


Үүний зэрэгцээ OFAC Умард Солонгосын найман иргэн, "Korea Mangyongdae Computer Technology Corporation" ба "Ryujong Credit Bank" гэсэн хоёр байгууллагыг хоригийн жагсаалтад нэмж оруулжээ.


"Белавиа" компани 2023 оны наймдугаар сард Беларусийн хэд хэдэн компанийн хамт АНУ-ын хоригт орсон байна. Тус компани мөн 2021 оны 12 дугаар сард Европын Холбооны хоригт оржээ. Мөн 2021 оны тавдугаар сараас эхлэн «Белавиа»-гийн нисэх онгоцнуудыг Европын Холбооны орнуудын дээгүүр нисэхийг хориглосон байна. Энэ шийдвэрийг Афинаас Вильнюс рүү нисэж явсан "Ryanair" компанийн онгоцыг Минскт албадан буулгаж, идэвхтэн Роман Протасевич болон Софья Сапегаг баривчилсны дараа гаргажээ. 


АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Жон Коул есдүгээр сарын 11-нд Минскт айлчлах үеэрээ “Белавиа” компанид тавьсан хоригийг цуцлах гэж байгаа тухай мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кит Келлоггийн орлогч юм. Ж.Коул, А.Лукашенко нарын уулзалтын дараа Беларусь дахь хорих ангиудаас нийт 52 улс төрийн хоригдлыг, тэдний дотор 14 гадаадын иргэнийг суллаж Литва руу илгээсэн байна.



Связанные новости