Нью-Йоркийн даргаар сонгогдсон анхны мусульман шашинтан - Зохран Мамдани
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /DW/. Мягмар гарагт болсон Нью-Йорк хотын даргын сонгуульд Зохран Мамдани ялжээ. Тэрбээр урьдчилсан дүнгээр 50.35 хувийн санал авсан бол Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Кёртис Слива, бие даан нэр дэвшигч, Нью-Йорк муж улсын захирагч асан Эндрю Куомо нар тус бүр 7.14 ба 41.6 хувийн санал авсан байна.
Мамдани АНУ-ын хамгийн том хотын даргын суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ 2024 оны 10 дугаар сард мэдэгдэж байх үед түүнийг амжилтад хүрнэ гэдэгт цөөхөн хүн итгэж байсан юм. Харин одоо тэрбээр АНУ-ын улс төрийн ертөнц дэх гялалзаж буй од бөгөөд түүнийг дэмжигчдийн тоо улам өссөөр байна.
Нью-Йорк хотын даргаар сонгогдсон анхны мусульман хүн
Өдгөө 34 настай Зохран Мамдани бол цагаач гэр бүлээс гаралтай америк хүн юм. Тэрбээр Угандад төрсөн бөгөөд гэр бүл нь Энэтхэгээс гаралтай. Түүний ээж Мира Наир нь Энэтхэг-Америкийн алдартай кино найруулагч бол аав Махмуд Мамдани нь энэтхэг гаралтай Угандагийн эрдэмтэн юм. Мамданиг таван настай байхад түүний гэр бүл Угандагаас Өмнөд Африк руу нүүсэн бол хоёр жилийн дараа Нью-Йорк хотод иржээ. Тэрбээр 2018 онд иргэний харьяаллаа өөрчилснөөр АНУ-ын иргэн болсон байна. Мамдани сири гаралтай зураач Рама Дуважитэй 2025 оны эхээр гэрлэжээ. Сонгуульд ялснаар Мамдани Нью-Йорк хотын даргын албан тушаалыг хашсан анхны мусульман хүн болж байна.
Түүний улс төрийн карьер хурдан өссөн бөгөөд 2020 онд Нью-Йорк муж улсын Ассамблейн гишүүнээр сонгогджээ.
Нью-Йорк хотын даргын сонгуульд оролцохоо мэдэгдэж байх үед олон хүн түүнийг Ардчилсан намын сунгаанд ялж чадахгүй гэж үзэж байсан хэдий ч эцэст нь тэрбээр 56.4 хувийн санал авч ялсан байна.
Улс төрийн замналаа эхлүүлэхээс өмнө Мамдани орлого багатай, байраа алдахад хүрч болзошгүй хүмүүст туслах үйл ажиллагаанд оролцож байсан нь сонгуулийн кампанит ажлаа орон сууцны асуудалд тулгуурлан явуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Мамдани 2017 онд АНУ-ын хамгийн том социалист байгууллага болох “Америкийн Ардчилсан Социалистууд”-ын гишүүн болжээ. Тэрбээр баячуудын татварыг нэмэгдүүлэх, 2030 он гэхэд цалингийн доод хэмжээг цагт 16.50 ам.доллароос 30 ам.доллар хүртэл нэмэгдүүлэхийг дэмждэг байв.
Мөн бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг үнэгүй олгох, Нью-Йоркт автобусны үйлчилгээг үе шаттайгаар үнэгүй болгох бодлого хэрэгжүүлэхийг зорьдог. Тэрбээр энэ оны есдүгээр сард Их Британийн "New Statesman" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Та бүхэн хүн бүрийн ойлгодог хэлээр ярих хэрэгтэй. Та бүхэн хүмүүсийн өдөр тутмын амьдралд тулгардаг буй бэрхшээлүүдийн талаар ярьж байх ёстой. Ардчилсан намынхан ихэнхдээ ардчиллын талаар ярьдаг ч хэрэв та өөрийн гэр орон болох хотод амьдрах боломжгүй байх аваас үнэт зүйлсийн талаар бодох цаг зав танд байхгүй" хэмээн хэлж байв.
Ulaanbaatar