Төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-11-07 08:08:11

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/.  Нутгийн зүүн хагаст өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.


Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 


Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -6--11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1--6 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4-+9 градус, бусад нутгаар -2-+3 градус дулаан байна.

 

Говь болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, 7-8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон ЦУОШГ-аас анхааруулжээ.

Связанные новости