УВС: Б.Сансармаа зуун буудалт даамын дэлхийн аварга болох мөрөөдлөө биелүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-07 15:27:48

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Улаангом сумын ерөнхий боловсролын III сургуулийн 8 дугаар ангийн сурагч Батмөнхийн Сансармаа зуун буудалт даамын дэлхийн аварга болох мөрөөдлөө биелүүлээд ирлээ.

 

Тэрбээр өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Анатолия хотод болсон зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Тэмцээнийг охид, хөвгүүдийн дунд таван насны ангиллаар, үндсэн гурван төрлөөр зохиосон байна.

 

Б.Сансармаа нь дөрвөн настайгаасаа эхэлж даамын спортоор хичээллэсэн бөгөөд сургуулийнхаа болон аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн даамын дугуйданд явж бэлтгэлээ хангадаг байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд зуун буудалт даамын аймаг, бүс, улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол тэргүүлж иржээ. Мөн өнгөрсөн хавар БНХАУ-д болсон Азийн аваргад тэргүүлэн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан байна.

 

Энэхүү тэмцээнд манай улсаас 33 тамирчин оролцжээ.

Связанные новости