УВС: Үйлчилгээний нэгдсэн төвөөр 85,119 иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-11 12:09:54

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Үйлчилгээний нэгдсэн төв нь төр, хувийн хэвшлийн 12 байгууллагын 30 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

 

2025 оны эхний 10 сарын байдлаар тус төвөөр давхардсан тоогоор 85,119 иргэн үйлчлүүлж төрийн үйлчилгээг авчээ.

 

“Үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн тус төвд байрладаггүй байгууллагууд тогтмол хуваарийн дагуу ажиллахаар болсон тул иргэд хэрэгтэй үйлчилгээгээ нэг дороос авах боломжтой юм.

 

Тухайлбал, 11 дүгээр сарын 11–15-ны өдрүүдэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн тус төвд ажиллаж, газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх юм.

 

Энэчлэн дараагийн долоо хоногт өөр байгууллага ажлын таван өдрийн турш тус төвд байрлаж үйлчилгээгээ иргэдэд хүргэнэ" хэмээн тус төвийн менежер М.Чулуунбат ярилаа.

 

Тус төвд аймгийн ХХҮГ, УБХ, Гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан байгууллага, Хууль зүйн туслалцааны төвийн хуульч, өмгөөлөгч, нотариатич, Улаангом сумын 3-р багийн Засаг дарга, Төрийн банк гэх мэт 12 байгууллага тогтмол байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Связанные новости