Маяачуудын барьсан пирамидыг Мексикт дахин нээн илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНМЕХИКО. /BBC/. Мэргэжилтнүүдийн хэлснээр Мексикийн баруун хэсэгт орших алдарт Кукулькан пирамидын доторх гурав дахь байгууламж нь олдсон байна.
Юкатан мужийн Чичен Ица хэмээх нэрээр олонд танигдсан маяагийн археологийн цогцолбор болох 30 метр өндөртэй пирамидыг бүрдүүлдэг хоёр байгууламжийн дотор 10 метр өндөртэй нэгэн жижиг пирамид олджээ.
Энэхүү нээлтээс үзвэл уг пирамид нь гурван хэсгээс бүрдэж байгаа юм. Маяа соёл иргэншил Төв Америкийг эзэлж байсан бөгөөд уг соёл иргэншлийн оргил үе нь МЭ 6-р зууны үед байсан гэж үздэг билээ.
Харин шинээр нээсэн энэхүү жижиг пирамид нь МЭӨ 550-800 оны хооронд баригдсан гэж судлаачид хэлжээ. Харин 1930 онд олдсон дундах байгууламж нь МЭӨ 800-1000 оны хооронд баригдсан гэж үзэж байгаа юм. Хамгийн том пирамидын барилгын ажил 1050-1300 онд баригдаж дууссан гэж үздэг.
“Эдгээр пирамид нь яг Оросын “матрёшка” хүүхэлдэй шиг юм. Хамгийн том пирамид дотор нь дахин нэг пирамид байх бөгөөд түүний дотор дахиад нэг жижиг пирамид байгааг нь бид оллоо” гэж судлаач Рене Чавез Сегуро хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
Маш олон шалтгааны улмаас эдгээр пирамид нь дотор дотроо баригдсан байна. Эдгээр шалтгаануудад бүтцийн доройтол эсвэл шинэ удирдлага эрх мэдэлд гарах зэрэг байж болох юм гэж мэргэжилтнүүд хэлжээ. Ямар нэг хохирол учруулахгүйгээр пирамидын доторхыг харахын тулд доторхыг гэрэлтүүлдэг арга ашиглан хамгийн жижиг пирамидыг олсон гэж тэд хэлжээ.
Уг нээлт нь маяачуудын уугуул соёлын тухай ойлголтод шинэ ойлголтыг өгч байгаа юм. Учир нь Мексикийн төв хэсэгт хүн ам ихээр холилдсоны улмаас маяачуудын уугуул соёлын тухай ойлголт мартагдаад байсан юм. Кукулькан пирамид нь тус бүс нутагт орших мөн маяачуудын биширч шүтдэг газар доорх гол дээр баригдсаныг археологичид өнгөрсөн жил нээж илрүүлсэн билээ.
Өнөөдөр Чичен Ица хот нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд жил бүр хэдэн сая жуулчдыг хүлээн авдаг газрын нэг юм.
Х.Сарнай