ЭМГЭНЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2025-11-18 13:32:34
@ShoovdorBatbold

ГЭЛЭГИЙН АДЪЯА

(1934-2025)

Монголын төр нийгмийн зүтгэлтэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хорооны МОНЦАМЭ хариуцсан орлогч дарга агсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Гэлэгийн Адъяа 2025 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр таалал төгслөө.


Мөнх овогт Гэлэгийн Адъяа нь 1934 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын (хуучнаар Хан-Оюут сум) Хонгоржийн тал дахь “Талын өвөлжөө” хэмээх газар М.Гэлэгийн 4 дэх хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр 1943-1947 онд тухайн үеийн Хан-Оюут сумын бага сургууль, 1947-1951 онд Худалдааны техникум, 1953-1957 онд Монгол Улсын Их Сургуулийг монгол хэл бичиг, утга зохиолын багш мэргэжлээр суралцаж төгссөн юм. 


Г.Адъяа ажил хөдөлмөрийн гараагаа 1951-1952 онд БНМАУ-ын Хоршоодын Төв Холбооны Ерөнхий хороонд төлөвлөгчөөр эхэлж, 1957-1960 онд “Үнэн” сонины газар, түүний дэргэдэх “Монгольские Новости” сонины газарт утга зохиолын ажилтан, 1960-1962 онд Мэдээлэл, Радиогийн Улсын Хорооны МОНЦАМЭ агентлагт утга зохиолын ажилтан, 1962-1967 онд тус агентлагийн Мэдээллийн хэлтэст Хариуцлагатай редактор, 1967-1968 онд хэлтсийн дарга, 1968-1971 онд Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хорооны МОНЦАМЭ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж, улмаар 1972 оноос намын системийн байгууллагад шилжиж 1972-1979 онд МАХН-ын Төв Хорооны Намын байгууллагын хэлтсийн эрхлэгч, 1979-1984 онд МАХН-ын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргын хариуцлагатай албыг хашиж байлаа. 


Ийнхүү ажиллах үедээ Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг зохион байгуулах Монголын комиссын даргаар ажиллаж, БНМАУ-ын иргэн сансрын нислэгт оролцохтой холбогдсон ажлын бэлтгэл, явцыг зохион байгуулах, сурталчлах ажлыг биечлэн удирдсан түүхэн гавьяатай эрхэм билээ. 


Г.Адъяа нь МАХН-ын XVII, XVIII, XIX их хурлаас намын Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлын 8, 9, 10 дахь удаагийн чуулганы сонгуулиар Их Хурлын депутат, мөн Ардын Их Хурлын Хуулийн төсөл боловсруулах ба Үндэсний асуудлын байнгын комисс, Гадаад хэргийн байнгын комиссын даргаар нийтдээ 10 гаруй жил ажилласан төр нийгмийн зүтгэлтэн байв.

 

Тэрээр МАХН-ын XYII, XYIII, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн XI, XII, Монгол-Зөвлөлтийн Найрамдлын Нийгэмлэгийн YI, YII их хуралд төлөөлөгчөөр оролцож, 1979-1984 онд Монгол-Зөвлөлтийн Найрамдлын Нийгэмлэгийн Төв Зөвлөлийн 1-р орлогч даргын сонгуульт үүргийг нэр төртэй гүйцэтгэжээ. Улмаар 1985-1989 онд БНМАУ-аас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1989-1991 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны Хэрэг Эрхлэх Зөвлөлийн дарга, 1991-1994 онд МОНЦАМЭ агентлагийн Гадаадад мэдээлэх хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч, орчуулагч, редактор байв.


Г.Адъяагийн хөдөлмөр зүтгэл, эх орноо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж, 1971 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2008 онд Алтан гадас одон, 2021 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр тус тус шагнасан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээхдээ, "Монгол хүн хөх тэнгэрийн мандал, сансар огторгуйд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан “БНМАУ-ын иргэн сансрын нислэгт оролцохтой холбогдсон ажлын бэлтгэл, явцыг зохион байгуулах, сурталчлах асуудал эрхэлсэн комисс”-ыг амжилттай удирдан зохион байгуулсан Гэлэгийн Адъяаг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж байна. Энэхүү түүхэн үйл явдал нь монгол хүн, Монгол Улс сансрын уудмыг эзэмших, сансар судлалыг хөгжүүлэхэд оролцсон гайхамшигт үйл явдал байсан юм" хэмээн онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн Г.Адъяагийн БНМАУ болон БНСВУ хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж БНСВУ-ын Хөдөлмөрийн Гавъяаны 1-р зэргийн одонгоор шагнасан бол МОНЦАМЭ агентлагт олон жил үр бүтээлтэй ажилласан удирдан зохион байгуулагч, орчуулагч, редактор байсан тул агентлагийн “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж алдаршуулсан юм.


Г.Адъяагийн хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх, улс эх орныхоо хөгжил цэцэглэлд оруулсан хувь нэмэр, үлгэр дууриалал нь МОНЦАМЭ-гийнхэн бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.


Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.


МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН ХАМТ ОЛОН 

АХМАДЫН ЗӨВЛӨЛ

Связанные новости