СҮХБААТАР: Ирэх онд аймгийн хэмжээнд 42 тэрбум төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаар
2026 оны төсвийн төслийг нийт төлөөлөгчдийн 92,5 хувийн саналаар баталлаа. Ирэх онд тус аймаг улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 42 тэрбум төгрөг зарцуулна.
Үүнээс
хамгийн их буюу Сүхбаатар суманд
3,3 тэрбум, Эрдэнэцагаан суманд 2,8 тэрбум төгрөг хуваарилагджээ. Харин хамгийн бага нь Наран,
Халзан сумдад тус бүр 330,6 хуваарилагдсан байна.
Хоёр хоногийн өмнө хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр төсвийн төслийг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал танилцуулсан юм. Хурлын төлөөлөгчид саналаа хэлж, нэмэлт тодруулгыг авч байсан юм. Үүнээс төлөөлөгч Ц.Адъяабаатарын хэлсэн үгийг онцолбол, жил болгон л төсвийн төсөлд орж ирдэг дээвэр засвар, багийн өргөтгөл, хог усны машин гэх мэтчилэн түр аргацаасан, жаахан юм хүртээсэн болгож байгаа мэт жижиг ажлын саналууд байнга орж ирэх юм. Цаашдаа ч ийм байх шинжтэй. Гэхдээ одоо үүнээс татгалзаад, зарим ажилд төр оролцохоос татгалзаж бизнесийн зарчмаар хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Төрийн төсвийг зарцуулах, зайлшгүй хийх ёстой ажил үйлчилгээ их байгаа шүү. Ер нь цаашид төсөлд саналаа өгч байгаа нь ч, саналыг нь аваад бодлого боловсруулж байгаа нь ч анхаармаар байна хэмээн саналаа
хэлсэн юм. Үүнтэй ч олон төлөөлөгчид санал нэг байгаагаа илэрхийлээд, цаашид төсөв боловсруулагчдыг анхаарч ажиллахыг захиж байлаа.
Ulaanbaatar