СҮХБААТАР: Егүзэр хутагт Ж.Галсандаш

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-05 17:06:50

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Халхын тамгатай хутагтын нэг Егүзэр хутагт Ж.Галсандаш 1870 онд Монгол, Сэцэн хан аймаг, Хурц вангийн хошуунд одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрж, 1930 оны есдүгээр сард Нийслэл хүрээнд нас баржээ.

 

Тэрбээр 1872 онд Егүзэр хутагтын хувилгаанаар тодорч 1902 онд хутагт хамба цол, шавь захирах тамга хүртсэн. 1911 онд үндэсний хувьсгалыг талархан угтсан ба 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож Өвөрмонголын олон хошууг Монгол Улсдаа дагаар оруулах хэргийг явуулж, хил хязгаарыг Хятадаас сахин сэргийлэн суужээ. Хятадууд 1915 оны шувтаргаар “харчин гүн Бавуужавыг орогнуулав” хэмээн түүнийг баривчилжээ. Монголын засгийн газар зүүн өмнөд хязгаарын сайдаа суллуулахаар сэцэн хан Навааннэрэнг тусгайлан зарсан бөгөөд тэд 1916 оны эхээр Нийслэл хүрээнд буцаж иржээ. Богд хаан түүнд Хүрээнд ном хурахуйд хутагт нарын тэргүүнд суух, үнэн сүжигт” цол шагнажээ. Тэрээр Монголын зүүн хязгаарт маш их нөлөөтэй нэгэн байсан тул 1921 онд ардын засгаас зүүн хязгаарт буй цагаантны цэргийн эсрэг тэмцэлд туслалцаа үзүүлэхийг хүсч байв. 1930.09.30д Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан цаазалжээ. 1990 онд түүнийг цагаатгасан байна.

 

Намтрыг сийрүүлбэл, Егүзэр хутагт Ж.Галсандаш бол Монгол төрийн тамгатай 13 хутагтын нэг, зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах сайд, ачит мэргэн цорж, арилсан чин бишрэлт, хувилгаан тойн, зан бадарсан эрдэнэ мэргэн хамба хутагт, ялгуусан чин зүтгэлт, үнэн сүжигт гэгээнтэн, соён гэгээрүүлэгч, байгаль ан амьтныг энэрэхүйн экологич, хязгаар нутгийн аж ахуйг үлгэрлэгч гэхчлэн маш олон цол гуншинтай. Энэ хүний тухай энгийнээр хэлэхэд, төр, шашныг хослон барьсан мундаг удирдагч байсны дээр байгаль экологи, хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн асуудалд маш их анхаарал хандуулдаг, эдгээр чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлж чадсан байдаг.


Жишээлбэл, холын орноос Гандигар мод болон төрөл бүрийн эмийн ургамлуудыг нутагтаа авчирж, тарьсан байдаг. Мөн тарвага, буга, цагаан зээр зэрэг ан амьтдыг нутагтаа нутагшуулсан байдаг. Энэхүү үзэсгэлэнд эдгээрийн дээжийг авчирсан л даа. Мөн хутагт маань аж ахуй эрхэлж, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьдаг байсан нь анзаарагддаг. Жишээлбэл, ваар, цаас, хөх чулууны үйлдвэрлэлийг түгээн дэлгэрүүлж, утсан хүүхэлдэйгээр сүүдэр ший тавьж, хийдийнхээ шавь нар болон ард иргэддээ сонирхуулдаг байсан юм билээ.


Вааран сүмийн туурь нь одоо Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урагш 75 км зайд байдаг. Энэ үйлдвэрийн урласан олон бүтээгдэхүүний нэг болох чулуун цоож нь манай музейд хадгалагдаж байгааг дээр өгүүлсэн шүү дээ. Эцэст нь хэлэхэд Егүзэр хутагт Ж.Галсандаш бол зөвхөн Эрдэнэцагаан сумынхан, эсвэл Сүхбаатарчуудын шүтээн биш, нийт монголчууд таньж мэдэж, хүндэлж, дурсч явах учиртай хүн. Тэр бол шашны зүтгэлтэн гэхээсээ илүүтэй төр, нийгмийн үйл хэрэгт маш олон ажлын эхлэлийг тавьж чадсан, тухайн үедээ шинэчлэгч байсан хүн. Түүнийг дөрвөн настайд нь Егүзэр хутагтын долдугаар дүрээр тодруулж, 1874 оны зуны сүүл сарын шинийн 8-нд хутагтын ширээнээ залжээ.

 

Егүзэр хутагт багаасаа шашны эрдэм номд гарамгай сайн суралцаж, эрдэм ухаан, рид хувилгаанаараа олныг бишрүүлж, өөрийн Өнө-Өглөгт хийдээс гадна Нийслэл Хүрээ, Сэцэн ханы хүрээ болон Барга, Өвөр монголын олон хүрээ хийдээр явж ном айлддаг байв. Ийм учраас Егүзэр хутагтыг Халх, Барга, Өвөр монгол даяар ихээхэн шүтэж, “Ламахайн гэгээнтэн” хэмээн алдаршжээ.

 

Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оны өвөл цагт Егүзэр хутагт хил залгаа Өвөр монголын чуулган, хошуудаар заларч, Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах гэж байгааг мэдэгдэж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгдэн нийлэхийг уриалжээ. Энэ үеэс тэрбээр зүүн өмнө хязгаарт Монгол Улсын засгийн газрыг төлөөлөн ажиллаж, Ар, Өвөр монголыг холбох гүүр болж байв. Богд хааны зарлигаар 1913 оны 8 дугаар сарын 2-нд Егүзэр хутагтыг Зүүн өмнөд хязгаарын олон монгол аймгийг дагуулан тохинуулах сайдаар томилжээ. Сайд Егүзэр хутагт Галсандаш 1913 оны Өвөр монголыг чөлөөлөх дайны түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн.

 

Дундад Иргэн Улсын цэрэг 1915 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Өнө-Өглөгт хийдийг довтлон эзэлж, бурхан шүтээнийг нь түйвээн сайд Егүзэр хутагтыг баривчилж, улмаар Бээжинд хүргэжээ. Монгол Улсын засгийн газар Шүүх яамны сайд Сэцэн хан Навааннэрэн, Цэргийн яамны дэд сайд Жамъяндорж нарыг томилон Бээжингийн засгийн газартай хэлэлцэн Егүзэр хутагтыг суллан авчээ.


Егүзэр хутагт 1921 оны 5 дугаар сарын 19-нд Зүүн өмнөд хязгаарыг байцаан үзэж илбэн тохинуулах сайдаар томилогдож, мөн оны аравдугаар сард сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Егүзэр хутагт Галсандашийг хил хязгаарт суухад аюултай тул Богдын ногоон ордонд залах нэрээр 1929 оны 8 дугаар сарын 11-нд Улаанбаатарт авчирсан байна. Гэвч үнэн хэрэгтээ түүнийг гэрийн хорионд байлгаж байгаад 1930 оны зун баривчлан хорьж, хилс хэрэг тулган мөн оны 9 дүгээр сарын 30-нд хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Егүзэр хутагтад тулгасан хилс хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ. Монгол Улсын засгийн газрын 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийг Егүзэр хутагт Галсандашийн нэрэмжит болгосон байдаг. 

 

Связанные новости