АРХАНГАЙ: Сүрьеэ өвчний тохиолдол буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-11 11:06:03

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн жилүүдэд илэрч буй сүрьеэгийн шинэ тохиолдлын тоо буурахгүй, тогтвортой өндөр хэвээр байгаа нь эрт илрүүлэг, оношилгоо, халдварын хяналт, нийтийн эрүүл мэндийн боловсролыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

 

Аймгийн хэмжээнд 2023 нд 40, 2024 онд 34, 2025 оны 10 сарын байдлаар 35 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүртгэгдсэн халдварт өвчний 0.4 хувийг эзэлж байна.

 

Аймгийн ЭМГ-аас энэ онд найман суманд сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг зохион байгуулж, 987 иргэнийг хамруулж ажиллажээ.

 

Мөн өнгөрсөн 10 дугаар сард Хайрхан суманд GeneX аппаратыг нэвтрүүлж, суманд богино хугацаанд нарийвчилсан шинжилгээ хийх боломжийг бүрдүүлсэн байна. Цаашид ч GeneX оношилгоог бусад суманд үе шаттай нэвтрүүлэх нь аймагт сүрьеэгийн хяналт, эмчилгээний үр дүнг мэдэгдэхүйц сайжруулах боломжтой гэж үзжээ.

 

Сайн дурын идэвхтнүүдийн ажил, тухайлбал, эмийг хяналттай уух үйлчилгээг дэмжих, хавьтлын үзлэг зохион байгуулах, гэр бүлийн оролцоог хангах зэрэг нь эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлдөг байна.

 

Сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн үндсэн арга бий.

-Нярайг БЦЖ вакцинд бүрэн хамруулах,

-Эрсдэлт бүлгийн иргэдийг тогтмол үзлэгт хамруулах,

-Тэжээллэг хоол, хүнс хэрэглэх, дархлааг дэмжих,

-Сайн унтаж амрах, хөдөлгөөнтэй байх,

-Хувийн ариун цэврийг сайн сахих,

-Сэжигтэй шинж илэрвэл яаралтай эмчид үзүүлэх зэрэг юм.

 

Сүрьеэгийн оношилгоо, эмчилгээг Монгол Улсад үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй хийдэг. Эрт илрүүлэг, зөв эмчилгээ, гэр бүл, нийгмийн дэмжлэг, эрүүл зан үйлийг хэвшүүлэх нь сүрьеэгийн тархалтыг бууруулах цорын ганц арга зам хэвээр байна.

Связанные новости