Сум хөгжүүлэх сангийн зээлийг олгоогүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-19 19:48:59

Булган аймагт сум хөгжүүлэх сангийн зээл олголт зогсоод байна. Учир нь эдийн засаг хямралтай байгаа, түүнээс гадна төр солигдсоноор зээл олголт зогссон гэсэн тайлбарыг зээл хариуцсан мэргэжилтэн өглөө.

Мөн өмнөх оны зээл авагчдаас 21 иргэнийг шүүхэд шилжүүлээд байна. Тэдгээр иргэд тус бүр 3 - 10 хүртэлх сая төгрөгийн зээл аваад, эрхэлж байгаа бизнес нь явцгүй болох, эсвэл борлуулалт байхгүй болсноор өрөнд орж зээлээ эргэн төлөх чадваргүй болжээ. Барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө болох байшин хашааг нь зарж борлуулж алдагдлаа нөхөх бүрэн эрх сум хөгжүүлэх сангийн ажлын хэсгийхэнд байгаа боловч үнийн дүн нь хол зөрүүтэй, мөн тэр байшин хашааных нь цаана айлын амьдрал байгаа учраас эвлэрүүлэн зуучлалын тусламжаар асуудлыг шийдэх боломжийг иргэдэд олгож байгаа гэнэ.

Сум хөгжүүлэх сангийн зөвлөл тун удахгүй хуралдана,  хуралдсаны дараа зээлийг хэдийгээр олгож эхлэх үү, ямар чиглэлийн бизнес эрхлэгчдийг дэмжих үү, нийт хичнээн төгрөгийн зээл олгох уу  зэргийг тодорхой болгоно. Энэ жилээс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын эдийн засагч нартай хамтран ажиллаахаар төлөвлөж байна. Ингэснээр найдвартай, эсвэл эрсдэлтэй зээлдэгч үү гэдгийг мэдэх боломжтой юм байна. Өнгөрсөн онд 153 сая төгрөгийн зээлийг иргэдэд олгосон байна. Мэдээллийг сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэ өглөө. 

                                                                                                                                    П.Батням

Связанные новости