Эмэгтэй хүнтэй хэрхэн дотносох талаарх сургалтыг дүрвэгчдэд зориулан явуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-11-29 11:54:50

БЕРЛИН. /Sputnik/. Ноён Хүүхэн эргүүлэгч /Mr. Flirt/ хочит Хорст Венцель Германы нийгэмд уусах хүсэлтэй дүрвэгсдэд зориулж эмэгтэй хүнтэй хэрхэн дотносох талаар сургалт явуулсан байна.

Түүний энэ сургалт нь анхандаа "мөнгөтэй боловч ичимхий" герман залууст зориулагдсан байжээ. Харин саяхан тэрбээр Герман руу үерлэн орж ирсэн нэг сая орчим дүрвэгчийг нийгэмд дасан зохицоход нь туслах зорилгоор “Герман оронд хэрхэн хайртайгаа учрах вэ” гэдэг нэртэй сургалтыг зохион байгууллаа. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр сургалтынхаа гурав дахь ээлжийг зохион байгуулж, 11 дүрвэгч залууг хамруулсан байна.

Ноён "Хүүхэн эргүүлэгч" тэдгээр залууст герман эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг хэрхэн эзэмдэх талаар зөвлөгөө өгсөн байна. Тэрбээр герман эмэгтэйг магтахдаа улиг болсон үг хэллэг ашиглахгүй байх нь зүйтэй гэдгийг анхааруулаад “таны түрхсэн ус их сайхан үнэртэй юм”, “таны дуу хоолой гайхалтай юм” гэх мэт үгсийг хэлж байхыг зөвлөжээ.

Харин түүний сургалтад сууж буй нэгэн залуу “Би чамд хайртай. Танайд хонож болох уу?” гэж асууж болох уу хэмээн ноён Хүүхэн эргүүлэгчээс асуусан гэнэ. Үүний хариуд Mr. Flirt “герман эмэгтэйтэй болзож эхэлснээс хойш эхний гурван сарын хугацаанд би чамд хайртай гэж хэлэх хэрэггүй. Тэд яваад өгнө. Герман эмэгтэйчүүд нялцгар, наалдамхай хүмүүст дургүй” гэж хариулжээ.

Мөн тэрбээр эмэгтэйчүүдээс хамт кофе уух уу гэж асуухын оронд театр, концертод хамт явах нь илүү дээр гэж зөвлөжээ. Дараа нь Хорст Венцель сургалтаа сексийн сэдэвт хандуулж эхэлсэн нь зарим дүрвэгчдийг ичингүйрэлд оруулсан байна. “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс анхны, хоёр дахь, гурав дахь гээд болзоо болгоныхоо үеэр секс хийдэг, энэ нь энгийн үзэгдэл. Энэ бол Германд байдаг л асуудал” гэж тэрбээр хэлжээ.

Энэхүү сургалт нь зарим германчуудын дайсагнасан хүйтэн харьцааг зөөлрүүлэхэд бидэнд тустай гэж сургалтад суусан дүрвэгчид үзэж байна.

Д.Нямтулга

 

Связанные новости