Нуурын будан нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом хотноо ойрын өдрүүдэд наргүй, бүүдгэр байна.
Увс нуур хөлдөж байгаа учир нэг хэсэгтээ нуурын будан аймгийн төв рүү орж ирдэг бөгөөд энэ нь 1-р сар хүртэл үргэлжилдэг юм. Аймгийн төвөөс хойт талын сумд руу зорчиж байгаа ард иргэдийг анхаарал болгоомжтой явж, нуурын будан дунд төөрч осолдохгүй байхыг аймгийн Онцгой байдлын албанаас сануулж байна.
Нуурын будан татаж байгаагаас аймгийн төвд өглүү бүр цасан шамрага хаяж, тэр хэрээр замын халтиргаа гулгаа нэмэгдэж байна. Иймээс Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газраас Улаангомын гудамжийг цасны машинаар тогтмол шүүрдэж үлээлгэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус байгууллагын ажилчид замын уулзвар, аюулгүйн тойргуудад 10 тн элс, хайрга нэмж асгасан байна.
Монголын хамгийн том нуур болох Увс нуур нь аймгийн төвөөс 45 км-т оршдог бөгөөд өвлийн улиралд гүнзгий хөлддөг юм. Энэ үеэр Тэс, Давст сум руу зорчигчид 1-4-р сар хүртэл мөсөн дээгүүр явж зам товчилдог.
Б.Батхүү